16 1ЭЗЭНий оршихуйд дөхөж очоод үхсэн, Аароны хоёр хүүгийн үхлийн дараа ЭЗЭН Мосетэй ярив. 2ЭЗЭН Мосед айлдсан нь
-Өөрийн ах Ааронд хандан түүнийг, хөшигний доторх, авдар дээрх өршөөлийн суудлын өмнөх ариун газарт хэзээ ч хамаагүй орж болохгүйг хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү өршөөлийн суудал дээр Би үүлэн дотор үзэгдэх юм. 3Аарон нь, нүглийн төлөөх тахилд зориулсан нэг бух, шатаалт тахилд зориулсан нэг хуцтайгаар ариун газарт ор. 4Тэр маалинган ариун дээлийг өмсөх ёстой. Маалинган дотуур хувцас түүний биен дээр байна. Тэр маалинган урт бүсийг бүсэлж, даавуун малгайгаар гоёх болой. Эдгээр нь ариун хувцас учир тэр биеэ усанд булхан тэдгээрийг өмсөх ёстой. 5Тэрээр Израилийн хөвгүүдийн цуглаанаас хоёр ухныг нүглийн төлөөх тахилд зориулан, нэг хуцыг шатаалт тахилд зориулан авах ёстой. 6Тэгээд өөрийнхөө төлөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийхийн тулд бухыг өөрийн нүглийн төлөөх тахилд зориулан өргөх ажгуу. 7Тэр хоёр ухныг авч, тэдгээрийг ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд авчрах ёстой. 8Аарон хоёр ухнад зориулан шавга хаях агаад нэг шавга нь ЭЗЭНд, нөгөө нь нүглийг үүрэгч ухнад оногдох болой. 9Тэгээд Аарон ЭЗЭНд оногдох шавга, дээр нь унасан ухныг нүглийн төлөөх тахил болгон өргөх ёстой. 10Гэвч нүглийг үүрэгч ямааны шавга, дээр нь унасан ямаагаар дамжуулж эвлэрүүллийг хийхийн тулд түүнийг нүглийг үүрэгч ямаа болгон хээр тал уруу явуулахаар ЭЗЭНий өмнө амьдаар нь авчирна.
11Тэгээд Аарон өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг өргөх бөгөөд өөрийнхөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг нядална. 12Тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атга дүүрэн нунтагласан анхилуун утлагыг авч, хөшигний дотор авчирна. 13Тэр ЭЗЭНий өмнө уг утлагыг гал дээр хийж, утлагын утаа нь гэрчлэлийн дээрх өршөөлийн суудлыг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ. 14Түүнээс гадна тэр бухны цуснаас хэсгийг авч, хуруугаараа өршөөлийн суудлын зүүн тал уруу цацаж, бас өршөөлийн суудлын нүүрэн тал уруу хэсэг цусыг долоон удаа цацна.
15Тэгээд тэр ард олонд зориулагдсан нүглийн төлөөх тахилын ухныг нядалж, цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар хийсэнчлэн түүний цусаар хийж, түүнийг өршөөлийн суудал дээр болон өршөөлийн суудлын нүүрэн тал уруу цацна. 16Израилийн хөвгүүдийн бузрын улмаас, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийнх нь улмаас тэрээр ариун газрын төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших хурлын майхны төлөө тэгж хийх ёстой. 17Түүнийг ариунаас ариун газарт эвлэрүүллийг хийхээр дотогш орох үед нь түүнийг өөрийнхөө төлөө, гэрийнхнийхээ төлөө, Израилийн бүх чуулганы төлөө эвлэрүүллийг хийн гарч ирэх хүртэл нь хэн ч хурлын майханд байх ёсгүй. 18Тэгээд тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээ уруу гарч ирэн, түүний төлөө эвлэрүүллийг хийхдээ бух болон ухны хэсэг цусыг авч, тахилын ширээний эврүүд дээр нялна. 19Тэр хуруугаараа хэсэг цусыг түүн дээр долоон удаа цацан, түүнийг цэвэршүүлж, Израилийн хөвгүүдийн бузраас ариусгах болой.
20Аарон нь ариунаас ариун газар, хурлын майхан, тахилын ширээний төлөө эвлэрүүллийг хийж дуусаад, амьд ухныг өргөх ёстой. 21Тэгээд Аарон амьд ухны толгойн дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх муу үйлсийг, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийг түүн дээр наманчилж, тэдгээрийг ухны толгой дээр шилжүүлээд түүнийг сонгогдсон хүний гараар хөтлүүлэн хээр тал уруу явуулах ёстой. 22Ухна бүх гэм нүглийг зэлүүд газар уруу өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг хээр суллах ёстой.
23Тэгээд Аарон хурлын майханд ирж, ариунаас ариун газар уруу орохдоо өмссөн маалинган хувцсыг тайлан тэнд орхино. 24Тэр ариун газарт усанд биеэ булхаад өөрийн хувцсуудыг өмсөж, урагш гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг өргөж, өөрийнхөө төлөө болон ард түмний төлөө эвлэрүүллийг хийнэ. 25Тэгээд тэр нүглийн төлөөх тахилын өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна. 26Нүглийг үүрэгч ухныг суллаж явуулсан нэгэн нь хувцсаа угаан усанд биеэ булхаад үүний дараа хуаранд орно. 27Гэвч эвлэрүүлэл хийхээр ариунаас ариун газарт цусыг нь оруулсан нүглийн төлөөх тахилын бух болон нүглийн төлөөх тахилын ухна нь хуарангийн гадна гаргагдаж тэдгээрийн арьс, мах, сэвс нь галд шатаагдах болой. 28Тэгээд тэдгээрийг шатаасан нэгэн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад үүний дараа хуаранд орох ёстой.
29Энэ нь та нарт улиран үргэлжлэх тогтоол болно. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр та нар болон та нарын дунд түр сууж буй харийнхан өөрсдийн сэтгэлийг даруу болгон, аливаа ажлыг бүү хий. 30Учир нь та нарыг цэвэршүүлэхээр та нарын төлөө энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө өөрсдийн бүх нүглээсээ цэвэршигдэх болно. 31Энэ нь та нарын хувьд сэтгэлийг чинь даруу болгон амраах Амралтын өдөр болох юм. Энэ нь улиран үргэлжлэх тогтоол юм. 32Тийм учраас эцгийнхээ байранд тахилчаар үйлчлэхээр тослогдон, сахил хүртсэн тахилч эвлэрүүллийг хийнэ. Тэр ариун хувцас буюу маалинган хувцсуудыг өмсөөд, 33ариунаас ариун газрын төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэр хурлын майхан болон тахилын ширээний төлөө эвлэрүүлэл хийх юм. Тэр мөн тахилч нарын болон чуулганы бүх ард олны төлөө эвлэрүүлэл хийх юм. 34Энэ нь та нарт жил бүр ганц удаа Израилийн хөвгүүдийн бүх нүглийн төлөө эвлэрүүллийг хийх тухай улиран үргэлжлэх тогтоол болох юм гэв. Мосе өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор яг хийв.