5 1Хэрэв хүн аливаа хэргийг харсан, эсвэл мэдсэн байгаад гэрчил гэсэн шаардлагыг сонссон атлаа хэлэлгүй нүгэл үйлдвэл тэр хүн өөрийн гэм бурууг үүрэх болно. 2Эсвэл хүн аливаа бузар зүйлд, бузар араатны хүүрт ч бай, эсвэл бузар малын хүүрт ч бай, эсвэл бузар мөлхөгч амьтдын хүүрт хүрэх тохиолдолд хэдийгээр тэр үүнийгээ мэдээгүй байсан ч гэлээ тэрээр бузартсан агаад гэм буруутай болох ажгуу. 3Эсвэл хэрэв тэр нь хүмүүний аливаа бузарт хүрэн (аливаа төрлийн бузар нь түүнийг бузарлан) үүнийгээ мэдээгүй байгаад, дараа нь тэр хүн мэдэх аваас тэр нь гэм буруутай болох юм. 4Эсвэл хэн нэгэн нь хүмүүний бодлогогүйгээр андгайлан ярьж болох аливаа хэрэг явдалд, сайн буюу мууг хийх гэж амаараа бодлогогүйгээр тангараглавал, тэрээр үүнийгээ мэдээгүй байгаад дараа нь тэр түүнийгээ мэдэх аваас тэр нь эдгээрийн аль нэгнээр гэм буруутай болох юм. 5Тиймээс эдгээрийн аль нэгнээр тэрээр гэмтэй болох аваас өөрийн үйлдсэн нүглээ илчлэн хэлэх ёстой. 6Тэр бас үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилыг буюу сүргээс эм хурга, эсвэл эм ямааг нүглийн төлөөх тахил болгон авчрах ёстой. Ингэж түүний нүглийн төлөө тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг хийнэ.
7Харин хэрэв тэр хүн хурга өгөх чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг, нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилд авчрах болой. 8Тэр тэдгээрийг тахилчид авчраад тахилч нүглийн төлөөх тахилд зориулсан нэгнийг эхлээд өргөж, толгойг нь салгалгүйгээр түүний хүзүүнийх нь урдаас мушгих бөлгөө. 9Тэр мөн нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг тахилын ширээний хажуу уруу, бусад цусыг тахилын ширээний суурин дээр хатаагдаж байх зуур цацна. Энэ бол нүглийн төлөөх тахил юм. 10Тэгээд тэр удаахийг нь шатаалт тахил болгон зарлигийн дагуу бэлтгэнэ. Тийнхүү тахилч түүний үйлдсэн нүглийнх нь төлөө түүний өмнөөс эвлэрүүллийг хийх бөгөөд тэр нь уучлагдах болно.
11Харин хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авчрах чадалгүй байвал үйлдсэн нүглийнхээ төлөө тэр ефагийн аравны нэгэн сайн гурилыг өөрийн өргөл болгон нүглийн төлөөх тахилд авчрах агаад түүн дээрээ тос асгаж болохгүй, утлага тавьж болохгүй. Учир нь энэ бол нүглийн төлөөх тахил юм. 12Түүнийг тэр тахилчид авчраад тахилч түүнээс атгыг дурсгалын хувь болгон авч, түүнийгээ ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамт тахилын ширээн дээр шатаан уугиулах болой. Энэ бол нүглийн төлөөх тахил юм. 13Ингэж тахилч эвлэрүүллийг түүний төлөө, эдгээрийн аль нэгийг үйлдсэн нүглийнх нь төлөө хийх бөгөөд энэ нь түүнд уучлагдах болой. Үлдэгдэл нь идээн өргөлийн адил тахилчийнх болох бөлгөө” гэлээ.
14Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
15-Хэрэв хүн үнэнч бус байж, ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг санамсаргүйгээр нүгэл үйлдэх тохиолдолд тэр хүн сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд гэмийн төлөөх тахил болгон авчрах болой. Энэ нь мөнгөн шекелийн (ариун газрын шекел) дагуу та нараар үнэлэгдэх бөгөөд гэмийн төлөөх тахил юм. 16Тэр хүн ариун зүйлийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ төлөө нөхөн төлбөрийг төлөх бөгөөд үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн түүнийгээ тахилчид өгөх болой. Тахилч гэмийн төлөөх тахилын хуцаар түүний төлөө эвлэрүүллийг хийж, энэ нь түүнд уучлагдах юм.
17Хэрэв хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан зүйлсийн аль нэгийг нь хийвэл, хэдийгээр тэр үүнийгээ ухаараагүй байсан ч гэлээ тэр нь гэмтэй болох бөгөөд өөрийн шийтгэлийг үүрэх ёстой. 18Тэр та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг гэмийн төлөөх тахилд зориулан тахилчид авчирна. Тийнхүү тахилч эвлэрүүллийг түүний төлөө, түүний мэдэлгүйгээр эндсэн алдааных нь төлөө хийх бөгөөд тэр нь түүнд уучлагдах болой. 19Энэ бол гэмийн төлөөх тахил юм. ЭЗЭНий өмнө тэр хүн гарцаагүй гэмтэй болой гэв.