26 1Та нар өөрсдөдөө зориулан бөхийн мөргөх гэж нутагтаа шүтээнүүдийг хийх ёсгүй. Өөрсдөдөө хөрөг, эсвэл чулуун баганыг ч босголгүй, хэлбэрт чулууг ч бүү байрлуул. Учир нь Би бол ЭЗЭН та нарын Бурхан. 2Та нар Миний Амралтын өдрүүдийг сахиж, Миний ариун газрыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН. 3Хэрэв та нар Миний тогтоолууд дотор алхаж, Миний тушаалуудыг сахин, тэдгээрийг биелүүлбэл, 4Би та нарт цаг улиралд нь бороог өгөх болно. Ингэснээр газар нь үр шимээ өгч, талбайн модод нь жимслэх юм. 5Үнэхээр та нарын тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл үргэлжилж, усан үзмийн хураалт чинь тариалалтын цагийг хүртэл үргэлжлэх болно. Ингэж та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүйгээр амьдрах болно. 6Бас та нарыг айлгах нэгэнгүй та нарыг хэвтүүлэхийн тулд Би нутагт чинь амар тайвныг соёрхох болно. Би мөн аюултай араатан амьтдыг нутгаас чинь үгүй болгох бөгөөд ямар ч илд нутгаар чинь дайран өнгөрөхгүй. 7Харин та нар дайснаа үлдэн хөөгтүн. Тэд та нарын өмнө илдэнд унаж, 8танай тав чинь зууг хөөж, танай зуу чинь арван мянгыг үлдэн хөөх бөгөөд дайснууд чинь та нарын өмнө илдэнд унах болно. 9Тийнхүү Би та нарын зүг эргэж, та нарыг өнөр өтгөн болгон, өсгөн үржүүлнэ. Би та нартай байгуулсан Өөрийн гэрээг баталгаажуулах болно. 10Та нар хуучин нөөцөө идэж, шинийг оруулахын тулд хуучныг зайчилна. 11Түүнээс гадна, Би та нарын дунд Өөрийн орших газрыг барьж Миний сэтгэл та нарыг үл жигшинэ. 12Би бас дунд чинь алхаж, та нарын Бурхан болох бөгөөд та нар Миний ард түмэн байх болно. 13Би бол та нарыг египетчүүдийн боол байлгахгүйн тулд, Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан. Би та нарын буулганы чинь модыг эвдэн, та нарыг цэх шулуун алхуулсан.
14Гэхдээ хэрэв та нар Намайг дуулгавартай дагахгүй, энэ бүх тушаалуудыг биелүүлэхгүй байх аваас, 15хэрэв үүний оронд та нар Миний тогтоолуудыг үл тоомсорлон, хэрэв та нарын сэтгэл чинь Миний зарлигуудыг жигшин, Миний бүх тушаалуудыг биелүүлэхгүй байснаараа Миний гэрээг зөрчвөл, 16Би хариуд нь үүнийг та нарт хийх болно. Би нүдийг чинь ширгээн, сэтгэлийг чинь хатаахад хүргэх гэнэтийн аймшиг, сүрьеэ, халуурлыг та нар дээр тохох болно. Бас та нар үрийг ашиггүйгээр суулгана. Учир нь түүнийг дайснууд чинь идэх болно. 17Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно. 18Хэрэв бас эдгээр зүйлсийн дараа та нар Намайг дуулгавартай дагахгүй байвал нүглийн чинь төлөө Би та нарыг дахин долоон удаа залхаан цээрлүүлэх болно. 19Би мөн та нарын хүч чадалдаа эрдсэн бардамналыг буулган эвдэнэ. Бас Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно. 20Чиний хүч чадал дэмий үрэгдэнэ. Учир нь газар чинь үр шимээ өгөхгүй, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй.
21Тэгсэн ч, хэрэв та нар Миний эсрэг дайсагнан, Намайг дуулгавартай дагахыг хүсэхгүй байвал нүглийн чинь дагуу Би гай гамшгийг та нарын дээр долоо дахин нэмэх болно. 22Би та нарыг үр хүүхдүүдээс чинь хагацаан, мал сүргийг чинь устган, та нарын тоо толгойг багасгаж, ингэснээр замуудыг чинь эзгүйрүүлэх хээрийн араатанг дунд чинь сул явуулах болно.
23Хэрэв эдгээр зүйлээр ч та нар Над уруу эргэлгүй, харин Миний эсрэг дайсагнавал, 24Би та нарын эсрэг дайсагнах болно. Би, Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин цохих болно. 25Би бас гэрээний төлөө өс авах илдийг дээр чинь авчрах бөгөөд та нарыг хотууддаа хамтдаа цуглах үед чинь, дунд чинь Би тахлыг илгээх болно. Тэгснээр та нар дайсны гарт тушаагдах болно. 26Намайг талхны чинь хангамжийг таслахад, талхыг чинь арван эмэгтэй нэг зууханд жигнэн, талхны хувийг хэмжин ноогдуулна. Тэгээд та нар идсэн ч цадахгүй байх болно.
27Гэсэн ч үүнийг үл харгалзан та нар Намайг дуулгавартай дагахгүй, харин Миний эсрэг дайсагнавал, 28Би та нарын эсрэг хилэгнэн дайсагнаж, Би, бүр Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин шийтгэх болно. 29Цааш нь та нар өөрсдийн хөвгүүдийнхээ махыг, охидынхоо махыг идэх болно. 30Тэгээд Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, утлагын тахилын ширээг чинь нураан, та нарын шүтээнүүдийн дээр хүүрүүдийг чинь овоолно. Учир нь Миний сэтгэл та нарыг жигших болно. 31Би хотуудыг чинь балгас болгон, ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тайвшруулах тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй. 32Би нутгийг чинь зэлүүд болгох учир түүн дээр суурьшсан дайснууд чинь үүнд гайхан сандрах болно. 33Нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болоход та нарыг ч Би үндэстнүүдийн дунд тарааж, араас чинь илдийг сугалах болно.
34Тэгээд та нарыг дайсныхаа нутагт байх зуур эзгүйрлийн бүх өдрүүдэд энэ нутаг нь амралтдаа ханах болно. Тэр үед газар амран, өөрийн амралтад ханах болно. 35Эзгүйрлийнхээ бүх өдрүүдэд энэ нутаг нь, дээр нь та нарыг амьдарч байсан хугацаанд эдлээгүй амралтаа эдлэх болно. 36Та нараас үлдэгсдийн хувьд бол, Би мөн дайснуудынх нь нутгууд дээр тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Хатсан навчны сэрчигнээ тэднийг үлдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэт зугтаж, тэд унах болно. 37Хэдийгээр хэн ч мөрдөөгүй боловч тэд илднээс зугтаж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайсныхаа өмнө зогсох ямар ч хүчгүй байх болно. 38Харин та нар үндэстнүүдийн дунд мөхөж, дайснуудын чинь нутаг та нарыг залгих болно. 39Та нараас үлдэгсэд нь дайснуудынхаа нутагт өөрсдийн хорон муугийнхаа улмаас ялзрах болно. Мөн тэд өвөг дээдсийнхээ хорон муугийн улмаас тэдэнтэйгээ хамт ялзрах болно.
40Хэрэв тэд Миний эсрэг итгэмжгүй хандаж, Миний эсрэг дайсагнаж байсан өөрсдийн гэм бурууг, өвөг дээдсийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрвөл, 41(Би мөн тэднийг дайснуудынх нь нутагт аваачихаар тэдэнд дайсагнаж байсан) эсвэл хэрэв тэдний хөндөгдөөгүй зүрх даруу болгогдсоноор тэд өөрсдийн гэм бурууг залруулбал, 42тэгвэл Би Иаковтай байгуулсан гэрээгээ, бас Исаактай байгуулсан гэрээгээ, мөн Абрахамтай байгуулсан гэрээгээ санан, мөн Би энэ газрыг ч санах болно. 43Учир нь уг нутаг нь тэднээр орхигдож, тэдний байхгүйд эзгүйрэх зуураа амралтдаа ханах болно. Энэ үед тэд өөрсдийн нүгэл хилэнцийг залруулсаар байна. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, тэдний сэтгэл Миний тогтоолуудыг жигшсэн билээ. 44Гэсэн хэдий ч дайсныхаа нутагт байх үед нь Би тэднийг орхихгүй, тэдэнтэй байгуулсан Өөрийн гэрээг зөрчин тэднийг устгачихаар жигшихгүй. Учир нь Би бол ЭЗЭН, тэдний Бурхан. 45Харин тэдний Бурхан нь байхын тулд үндэстнүүдийн нүдний өмнө Египетийн нутгаас гарган авчирсан, өвөг дээдэстэй нь байгуулсан гэрээгээ Би тэдний төлөө санах болно. Би бол ЭЗЭН” гэлээ.
46Эдгээр нь Синаи ууланд Мосегээр дамжуулан ЭЗЭН Израилийн хөвгүүд болон Өөрийнхөө хооронд тогтоосон тогтоол, зарлигууд болон хуулиуд билээ.