22 1Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдаж
2-Миний ариун нэрийг гутаахгүйн тулд Израилийн хөвгүүдийн Надад зориулсан ариун өргөлд няхуур хандахыг Аарон болон түүний хөвгүүдэд хэлэгтүн. Би бол ЭЗЭН. 3Тэдэнд хэлэгтүн. “Хэрэв үеийн үед чиний бүх үр удмын хэн нэг нь бузартсан байхдаа ЭЗЭНд зориулсан Израилийн хөвгүүдийн ариун өргөлд ойртох аваас тэр хүн Миний өмнөөс таслагдах болно. Би бол ЭЗЭН. 4Аароны үр удмаас арьсны халдварт өвчтэй эсвэл гоождостой хүн цэвэр болохоос нааш ариун өргөлөөс идэж болохгүй. Хэрэв хэн нэгэн нь хүүрээр бузартсан аливаа зүйлд хүрэх аваас эсвэл хэрэв үрийн шингэн гаргасан хүн байх аваас 5эсвэл хэрэв өөрөө түүгээр бузартах аливаа мөлхөгч зүйлд хүрэх эсвэл өөрөө түүгээр бузартах аливаа хүнд хүрсэн хүн байх аваас ямар бузар нь хамаагүй 6ийм аливаа зүйлд хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан бөгөөд өөрийн биеийг усанд булхахаас нааш ариун өргөлөөс идэж болохгүй. 7Харин нар жаргахад тэр хүн цэвэр болох бөгөөд үүний дараа тэр ариун өргөлөөс идэж болно. Учир нь энэ бол түүний хоол болой. 8Тэр нь үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би бол ЭЗЭН. 9Тиймийн тул тэд Миний зарлигаас шалтгаалсан нүглийг үүрэхгүйн тулд, зарлигийг гутааснаас болж үхэхгүйн тулд үүнийг сахих ёстой. Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.
10Ямар ч гадаадын хүн ариун өргөлийг идэх ёсгүй. Тахилчийнд түр суугч, эсвэл хөлсний хүн ариун өргөлөөс идэж болохгүй. 11Гэвч хэрэв тахилч өөрийн мөнгөөр өөрийн өмч болгон боол худалдан авах аваас тэр нь түүнээс идэж болох бөгөөд түүний гэрт төрөгсөд нь түүний хүнснээс идэж болох болой. 12Хэрэв тахилчийн охин нь харийн хүнтэй гэрлэх аваас өргөлийн хувиас идэж болохгүй. 13Гэвч хэрэв тахилчийн охин нь бэлэвсрэх, эсвэл нөхрөөсөө салах ба үр хүүхэдгүй, өөрийн залуу үеийнх шиг эцгийнхээ гэрт эргэн ирэх аваас тэр нь эцгийнхээ хүнснээс иднэ. Харин ямар ч харийн хүн түүнээс идэх ёсгүй. 14Гэвч хэрэв хүн ариун өргөлөөс санамсаргүйгээр идэх аваас, түүн дээр түүний тавны нэгийг нэмэн уг ариун өргөлийг тахилчид өгнө. 15Тэд ЭЗЭНд өргөж буй Израилийн хөвгүүдийн ариун өргөлийг гутаах ёсгүй. 16Ингэж тэдний ариун өргөлийг идсэнээрээ гэмийн төлөөх шийтгэлийг тэдэнд үүрүүлэхэд хүргэх юм. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой” гэлээ.
17Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
18-Аарон болон түүний хөвгүүд, Израилийн бүх хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Израилийн гэрийн аливаа хүн, эсвэл Израиль дахь гадаадын хүн ЭЗЭНд өргөлийг авчрахдаа тэдний шатаалт тахил болгон өгч буй өргөл нь тангаргийнх ч бай, сайн дурынх ч бай, 19(та нар хүлээн авагдахын тулд) энэ нь үхрээс, хониноос, эсвэл ямаанаас согоггүй, эр хүйснийх байх ёстой. 20Согогтой аливаа зүйлийг та нар өргөх ёсгүй. Юу гэвэл, тэр нь та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно. 21Хүн тусгай тангаргийг биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөлд зориулан ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг бод эсвэл бог малын сүргээс өргөх тохиолдолд тэр нь хүлээн авагдахын тулд өөгүй, төгс байх ёстой. Түүнд ямар ч согог байх ёсгүй. 22Сохор, эсвэл хугарсан, эсвэл зэрэмдэг, эсвэл урсах шархтай, эсвэл хамуутай, эсвэл яртай малыг та нар ЭЗЭНд өргөх ёсгүй. Тэдгээрээр тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх тахилыг ч бүү хий. 23Та нар том, эсвэл жижиг эрхтэнтэй үхэр, хургыг сайн дурын өргөлөөр өргөж болох боловч тангаргийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болно. 24Бас гэмтсэн, эсвэл бяцарсан, эсвэл урагдсан, эсвэл тастуулсан төмсөгтэй аливаа малыг ЭЗЭНд бүү өргө. Үүнийг нутагтаа бүү хий. 25Харь хүний гараас ийм аливаа малыг тахилд зориулан өөрсдийн Бурханы талх болгон хүлээн авах ёсгүй. Учир нь тэд гажууд согогтой тул та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно” гэв.
26Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
27-Үхэр, хонь, ямаа нь төрөөд эхтэйгээ долоо хоног байх ёстой. Найм дахь өдрөөс энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлийн тахил болон хүлээн авагдах болно. 28Харин үхрийг ч бай, хонийг ч бай түүнийг болон нялх төлийг нь нэг өдөр нядлах ёсгүй. 29Та нар ЭЗЭНд талархлын тахилыг өргөхдөө өөрсдөө хүлээн авагдахаар түүнийг өргөх ёстой. 30Энэ нь тэр өдрөө идэгдэх бөгөөд өглөө болтол түүнээс юуг ч та нар үлдээх ёсгүй. Би бол ЭЗЭН. 31Тийнхүү та нар Миний тушаалуудыг сахин, үйлд. Би бол ЭЗЭН. 32Та нар Миний ариун нэрийг бүү гутаа. Харин Би Израилийн хөвгүүдийн дотор ариунд тооцогдох ёстой. Би бол та нарыг ариусгадаг ЭЗЭН бөгөөд 33та нарын Бурхан байхын тулд та нарыг Египетийн нутгаас гарган авчирсан. Би бол ЭЗЭН гэв.