1 1Теофил оо, би эхнийхээ номд Есүс юу үйлдэж, зааж эхэлснээс авахуулан 2Өөрийн сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулан захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлхийг бүгдийг бичсэн билээ. 3Тэр зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын талаарх зүйлсийн тухай айлдаж байв. 4Тэгээд элч нарыг нэг дор цуглуулан Иерусалимыг орхилгүйгээр Эцэгийн амласныг, Түүний “Та нар Надаас сонссоны дагуу, 5Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэснийг хүлээхийг тэдэнд тушаасан ажгуу.
6Тэгээд цуглагсад Түүнээс
-Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд 7Тэр тэдэнд
-Эцэг Өөрийн эрх мэдлээрээ тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш. 8Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв. 9Тэр ийнхүү айлдсаны дараа тэднийг харж байхад нь дээш өргөгдөж үүлэнд орж тэдэнд харагдахгүй болов. 10Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байсан тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод, 11хэлсэн нь
-Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ гэв.
12Тэгээд тэд Иерусалимаас холгүй байх Чидун уулаас Иерусалим уруу буцав. Тэр уул нь Иерусалимаас Амралтын өдрийн аяллын зайтай ажээ. 13Тэд орж ирээд, буудаллаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Иаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн Иаков, Зеалотын Симон, мөн Иаковын Иуда нар болой. 14Тэд хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нарын хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.
15Энэ өдрүүдэд Петр ах дүү нарын голд босож (тэнд зуун хориод хүн цугласан байв),
16-Ах дүү нар аа, Есүсийг баривчилсан хүмүүсийг газарчлан ирсэн Иудагийн тухайд Ариун Сүнс Давидын амаар урьдаас хэлсэн тэрхүү Судар биелэгдэх ёстой байв. 17Учир нь тэр бидэнтэй хамт байж, бидний албыг хуваалцаж байлаа. 18(Тэр хүн хорон үйлийнхээ төлөөсөнд авсан газар түрүүлгээ харж унан хэвлийгээ ярж гэдэс дотроо цувуулжээ. 19Үүнийг нь Иерусалимд оршин суугч бүхэн мэдсэн агаад уг талбайг өөрсдийнхөө хэлээр Хакелдамах буюу Цуст Талбай хэмээн нэрлэжээ). 20Энэ нь Дуулал номд
“Түүний орон гэр нь эзгүйрч,
Хэн ч түүнд нь бүү орогног” гээд,
“Үүргийг нь өөр нэгэн гүйцэтгэг” 21Иймээс бидний дунд Эзэн Есүс амьдарч байх үеийн туршид бидний хамт дагалдаж явсан, 22Иоханы баптисмаас эхлэн Түүнийг бидний дундаас өргөгдөн дээш гарсан тэр өдөр хүртэл бидэнтэй байсан эрчүүдээс нэг нь бидний хамт Түүний амилалтын гэрчлэгч болох хэрэгтэй байна гэв. 23Ингээд тэд Барсаб гэгдэх (Иуст ч гэгддэг) Иосеф болон Маттиа хэмээх хоёр эрийг урагш гарган, 24залбирч
-Бүх хүмүүсийн зүрхийг мэдэгч Эзэн Та энэ хоёрын хэнийг сонгож байгаагаа харуулаач. 25Өөрийнхөө газар уруу очихын тулд үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Иудагийн үүргийг хэн хаших вэ? хэмээгээд, 26тэд тэр хоёрын төлөө шавга хаясанд, шавга нь Маттиа дээр бууж, тэр арван нэгэн элч нарын хамт тоологдох болжээ.