12 1Энэ үед Херод хаан тэднийг хорлох зорилгоор чуулганы зарим хүмүүсийг баривчлав. 2Тэр Иоханы ах Иаковыг цавчин алуулжээ. 3Иудейчүүдэд энэ нь таалагдсаныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв. Энэ нь Исгээгүй Талхны баярын өдрүүдэд болжээ. 4Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж, дөрвөн дөрөвтөөр мануулав. Дээгүүр Өнгөрөх баярын дараа Петрийг ард олны өмнө гаргах бодолтой байлаа. 5Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө хичээнгүйлэн залбирч байв. 6Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө нь Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв. 7Үзтүгэй, гэнэт Эзэний тэнгэр элч үзэгдэн шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэр элч Петрийг хажуу уруу нь ёврон сэрээж,
-Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа. 8Тэнгэр элч түүнд
-Бүсээ бүсэлж, шаахайгаа өмс гэхэд тэр тэгэв. Тэгээд тэр
-Хувцсаа өмс, намайг дага гэжээ. 9Петр гадагш гарч түүнийг даган явав. Тэрээр тэнгэр элчээр үйлдэгдэж буй энэ явдал нь бодитой гэдгийг мэдсэнгүй, харин үзэгдэл үзэж байна гэж бодсон аж. 10Тэд нэг, хоёр дахь харуулуудыг өнгөрөөд, хот уруу ордог төмөр дааман хаалган дээр иртэл хаалга өөрөө нээгдэв. Тэд гарч, явсаар нэгэн гудамж өнгөрөхөд тэнгэр элч гэнэт түүнийг орхин одов. 11Петр сэхээ орж,
-Эзэн Өөрийн тэнгэр элчээ илгээж намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв. 12Ийнхүү ухаарсан тэр Марк гэгдэх Иоханы эх Мариагийн гэрт ирэв. Тэнд олуулаа цуглаад залбирч байлаа. 13Петр даамангийн хаалгыг тогшиход Роде гэх зарц охин гарч ирээд, 14Петрийн дууг танив. Тэр баярласандаа дааман хаалгаа ч тайлалгүй дотогш гүйн орж, Петр дааман хаалган дээр байна гэж мэдэгджээ. 15Тэгтэл хүмүүс түүнд
-Чи өөрийн ухаантай байна уу? гэхэд харин ч охин түүнийг ирсэн болохыг батлан хэлэхэд тэд
-Тэгвэл түүний тэнгэр элч байна гэцгээв. 16Харин Петр хаалгыг тогшсоор л байлаа. Тэд хаалга онгойлгоод түүнийг хармагцаа мэл гайхжээ. 17Гэвч Петр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод Эзэн түүнийг шоронгоос хэрхэн гаргасныг ярьж,
-Энэ тухай Иаковд болон ах дүү нарт мэдэгд гээд өөр газар уруу явав.
18Өглөө болоход Петрийн яасан тухайд цэргүүдийн дунд багагүй сандрал болжээ. 19Түүнийг эрээд олоогүй Херод харуулуудыг байцаагаад, тэднийг цаазлахыг тушаалаа. Херод Иудейгээс Кайсарид очиж, тэндээ байв.
20Херод Тир болон Сидоны хүмүүст ихэд хилэгнэдэг байв. Тэндхийнхэн хааны нутгаас хоол хүнсээр хангагддаг байсан тул хааны түшмэл Бластыг талдаа татаж нэгэн санаагаар түүн уруу ирж найрамдахыг гуйжээ. 21Товлосон өдөр Херод эрхэм дээд суудалдаа хааны хувцастайгаа заларч тэдэнд үг хэлж эхлэв. 22Ард олон
-Хүний дуу биш, бурхны дуу байна хэмээн бахдан хашхирч байлаа. 23Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг Эзэний тэнгэр элч тэр даруй цохижээ. Тийнхүү тэр өтөнд бариулж, үхэв.
24Харин Эзэний үг түгэн түгсээр байлаа.
25Барнаб, Саул хоёр үүргээ биелүүлээд Марк гэгддэг Иоханыг дагуулан Иерусалимаас буцав.