16 1Тэр мөн Дерб болон Лустрт ирэв. Үзэгтүн, тэнд нэгэн итгэгч Иудей эмэгтэйн хүү Тимот гэгч дагалдагч байсан бөгөөд түүний эцэг Грек хүн байжээ. 2Тэр Лустр болон Икониумын ах дүүсийн дотор сайнаар яригддаг нэгэн байв. 3Паул түүнийг өөртэйгөө авч явахыг хүсэв. Гэхдээ Тимотын эцэг нь Грек хүн гэдгийг нутгийн иудейчүүд андахгүй тул түүний хөвчийг хөндөж, хамтдаа явжээ. 4Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө Иерусалимд элч нар болон ахлагчдын гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулж явлаа. 5Чуулгануудын итгэл тийнхүү бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв.
6Азид үгийг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын дүүргээр дайран өнгөрч, 7Мусиад ирээд Битин уруу явахаар завдан байтал Есүсийн Сүнс зөвшөөрсөнгүй. 8Тэд Мусиаг өнгөрөөд Тройд ирэв. 9Шөнө нь Паулд үзэгдэл үзэгдэж, Македоний нэгэн эр зогсон “Македонид ирж бидэнд туслаач” гэж гуйсан ажээ. 10Үзэгдэл үзмэгцээ тэрээр Бурхан тэдэнд сайн мэдээг тунхагла гэж дуудлаа хэмээн үзээд тэр даруй бид Македони уруу явахаар болцгоов.
11Тэгээд бид Тройгоос усан онгоцоор гарч Самотракт шууд ирээд, маргааш нь Неаполд хүрч, 12тэндээсээ Македонийн дүүргийн тэргүүлэх хот болох Ромын хараат хот Филиппойд очив. Бид тэр хотод хэд хоног байлаа. 13Амралтын өдөр бид хотын дааман хаалганы гаднах гол уруу очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд тэнд сууцгааж цугласан эмэгтэйчүүдтэй ярилцав. 14Туатэйр хотоос ирсэн, нил ягаан өнгийн бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Паулын ярьж буй зүйлсийг анхааруулахын тулд Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээжээ. 15Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа
-Хэрэв та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол, манайд ирж байгаач хэмээн ятгаснаар биднийг дийлэв.
16Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлөгчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг олж өгдөг ажээ. 17Тэрээр Паул болон биднийг дагаж,
-Эдгээр хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа. 18Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байлаа. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж хараад, сүнсэнд
-Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр даруй зайлжээ.
19Харин түүний эзэд орлого олох найдвар нь алдагдсаныг хараад, Паул, Силас нарыг барьж, олон хөлийн газарт эрх баригчдын өмнө чирч авчраад 20тэргүүн захирагчид уруу аваачиж,
-Энэ Иудей хүмүүс манай хотыг үймүүлж, 21ромчууд бидний хувьд хүлээн авч сахихад ёсонд нийцэхгүй ёс заншлыг тунхаглаж байна гэв. 22Цугласан олон ч тэдний эсрэг босжээ. Тэргүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад, саваагаар жанчихыг тушаалаа. 23Ийнхүү зодож жанчсаны эцэст тэднийг шоронд хийж, сайтар манахыг хуягт тушаав. 24Тушаал авсан хуяг тэднийг дотоод гянданд хийж, хөлийг нь дөнгөлөв.
25Гэвч Паул, Силас хоёр шөнө дундын үед Бурханд залбирч, магтаалын магтууг дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа. 26Тэгтэл гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ. 27Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрэн алахыг завдтал 28Паул чангаар
-Амиа бүү хорло. Бид бүгд энд байна хэмээн хашхирсанд 29тэр
-Бамбар авчир гээд, айж чичирсээр орж ирэв. Тэгээд Паул, Силас хоёрын өмнө сөхөрч, 30тэднийг гаргах зуураа
-Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв. 31Тэд
-Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ. 32Тэд мөнөөх хүнд болон гэрт нь байсан бүх хүмүүст Эзэний үгийг ярьжээ. 33Хуяг шөнийн цагаар тэднийг гарган шархыг нь угааж өгөөд, тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн нь баптисм хүртэв. 34Тийнхүү тэр тэднийг гэртээ авчран дайлж, гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ ихэд баярлаж байлаа.
35Өглөө болоход тэргүүн захирагчид цагдаа нарыг илгээн,
-Тэднийг сулла хэмээн хэлүүлжээ. 36Хуяг энэ үгсийг Паулд дамжуулж
-Тэргүүн захирагчид “Та нарыг сулла” гэж хэлүүлэв. Одоо гарч амар тайван яв даа гэхэд 37харин Паул тэдэнд
-Тэд Ромын иргэд биднийг шүүхгүйгээр олны өмнө жанчиж, шоронд хийсэн. Одоо болохоор биднийг нууцаар хөөж байна. Үгүй шүү! Тэд өөрсдөө ирж биднийг гаргаг гэв. 38Цагдаа нар тэргүүн захирагчдад эдгээр үгсийг илтгэхэд, Ромын иргэд гэдгийг нь сонсоод тэд айцгаав. 39Ийнхүү тэд ирцгээж, тэднийг тайвшруулаад гаргаж, хотоос гарч явахыг гуйв. 40Тэр хоёр шоронгоос гарч, Лудиагийнд ирээд, ах дүү нартайгаа уулзаж, урам зориг оруулаад, явлаа.