3 1Петр, Иохан нар залбирлын цаг болох есдүгээр цагт сүм уруу явж байв. 2Төрөлхийн хазгар нэгэн хүнийг хүмүүс авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэр хүн өдөр бүр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ. 3Петр, Иохан нарыг сүм уруу очиход тэр тэднээс гуйлга гуйж эхлэв. 4Петр Иоханы хамт түүн уруу харц тогтоон,
-Наашаа хар гэв. 5Тэднийг ямар нэгэн юм өгөх нь хэмээн горьдон, мөнөөх хүн тэдэн уруу анхаарав. 6Харин Петр түүнд
-Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд,
-Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун хэмээн хэлээд 7баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж, 8үсрэн цэх зогсоод алхаж эхлэв. Тэр цовхчин Бурханыг магтан тэдний хамт сүмд явж орлоо. 9Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүмүүс хараад 10сүмийн Үзэсгэлэнт Дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд юу тохиолдсоныг үзээд гайхаж хоцорсон байлаа.
11Өнөөх хүн Петр, Иохан нарын хамт байх зуур гайхаж хоцорсон хүмүүс бүгд гүйлдэн Соломоны танхимын орчимд цугларчээ. 12Харин Петр үүнийг хараад, тэдэнд хариулан
-Израильчууд аа! Та нар юунд үүнд гайхна вэ? Бид өөрсдийнхөө хүч, эсвэл сүсгээр энэ хүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэнэ вэ? 13Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ. 14Ариун агаад зөвт Нэгэнийг та нар үгүйсгэсэн атлаа алуурчныг өршөөхийг гуйсан 15боловч үхэгсдээс Бурханы босгосон амийн Зохиолчийг алуулсан билээ. Үүний гэрч нар нь бид юм. 16Түүний нэрд итгэсэн итгэлийн үндсэн дээр, та нарын харж байгаа энэ хүнийг Есүсийн нэр тэнхээтэй болгосон юм. Түүгээр дамжуулан ирдэг итгэл нь түүнийг та бүгдийн өмнө цоо эрүүл болгожээ. 17Ах дүү нар аа! Захирагчид чинь мэдэхгүйн харгайгаар үйлдсэний адил та нар ч мөн тэгснийг би мэднэ. 18Өөрийнх нь Христ зовж тарчлах ёстой гэж Бурхан бүх эш үзүүлэгчдийн амаар урьдаас тунхаглуулсан зүйлсээ Тэр тийнхүү хэрэгжүүлэв. 19Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд 20та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно. 21Бурхан Өөрийнхөө ариун эш үзүүлэгчдийн амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Түүнийг тэнгэр хүлээн авах ёстой юм. 22Мосе хэлэхдээ “Миний адил эш үзүүлэгчийг Эзэн Бурхан ах дүү нараас чинь та нарт гаргаж ирнэ. Түүний өөрсдөд чинь хэлэх юм бүрийг та нар сонсогтун. 23Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хэн боловч ард олны дотроос бүрмөсөн устгагдах болно” гэсэн юм. 24Мөн Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан. 25Та нар бол эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд “Чиний үрээр дэлхийн бүх өрх айлууд ерөөгдөх болно” хэмээн Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм. 26Та нарын хүн нэг бүрийг хорон муу замаас нь эргүүлснээр ерөөхийн тулд Бурхан эхлээд та нарт Өөрийн зарцыг гаргаж ирэн, Түүнийг илгээсэн юм.