22 1-Ах дүү нар аа, эцгүүд ээ! Та нарын өмнө өчих өмгөөллийг минь сонсооч гэв.
2Тэр тэдэнд хандсан үгээ еврейгээр ярьж эхлэхийг сонссон хүмүүс бүр ч чимээгүй болов. Паул цааш нь
3-Би бол Киликийн Тарс хотод төрсөн иудей хүн. Харин энэ хотод өсөж, Гамалиелын дор эцэг өвгөдийн хуулийн чанд байдлын дагуу сурч, өнөөдөр та бүгд ямар байгаачлан л Бурханы төлөө зүтгэгч болсон билээ. 4Би энэхүү Замд үхлийн хавчилт үзүүлэн, эр, эмгүй хүлж шоронд хийж байсан. 5Тэргүүн тахилч болон ахлагчдын бүх Зөвлөл үүнийг гэрчилнэ. Би тэднээс ах дүү нарт хүргэх захидал аваад Дамаскт очиж тэнд байсан хүмүүсийг баривчилж, Иерусалимд шийтгэхээр явж байлаа. 6Үдийн алдад би Дамаскт дөхөж явтал тэнгэрээс гэнэт хурц гэрэл цацарч намайг хүрээлэн авахад 7би газар унав. Тэгтэл “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?” гэх дуу сонсогдов. 8“Эзэн, Та хэн бэ?” гэсэнд, Тэр надад “Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Назарын Есүс байна” гэлээ. 9Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ. 10Тэгээд би “Эзэн, би юу хийх вэ?” гэв. Эзэн надад “Бос, Дамаск уруу яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг тэнд чамд хэлж өгнө” гэв. 11Гэвч мөнөөх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хөтлүүлэн Дамаскт очсон. 12Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, Хуулийн дагуу сүсэглэгч Ананиа гэгч нэгэн эр 13над уруу ирж, дөхөн зогсоод “Саул дүү минь, хараатай бологтун” гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа. 14Тэр надад “Манай өвөг дээдсийн Бурхан Өөрийн хүслийг мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан, мөн Өөрийн амнаас гарах дууг сонсгохын тулд чамайг урьдаас томилжээ. 15Учир нь чи үзсэн, сонссон зүйлээ бүх хүний өмнө гэрчлэх Түүний гэрч болно. 16Одоо чи юунд удна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт. Нүглээ угаа” гэв. 17Ийнхүү би Иерусалимд буцаж ирээд сүм дотор залбирч байтал хэт хөөрөлд автаж, 18би Түүнийг харсан бөгөөд Тэр надад “Түргэл, Миний тухай чиний гэрчлэлийг тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас шалавхан гар” гэж айлдав. 19Тэгэхэд нь би “Эзэн, Танд итгэгчдийг би синагог бүрд занчиж, шоронд хийж байсныг тэд мэднэ. 20Мөн Таны гэрч Стефаны цус урсаж байхад би дэргэд нь байж, сайшаан түүний амийг хөнөөгчдийн хувцсыг харж байсан” гэхэд 21Тэр надад “Яв, Би чамайг харь үндэстнүүд уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.
22Тэд энэ үгийг хүртэл сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн
-Энэ мэтийн хүнийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй хэмээн хашхиралдав. 23Тийнхүү хашхиралдан байхдаа тэд хувцсаа хүү татаж, агаарт шороо тоос босгон байтал 24мянгатын дарга түүнийг хуаранд аваачихыг тушаалаа. Тэгээд яагаад хүмүүс түүн уруу ийн хашхиралдсаны учрыг олохын тулд түүнийг ташуурдан байцаахыг тушаав. 25Тэд түүнийг тэлж хүлэх үед Паул тэнд байсан зуутын даргад
-Ромын иргэнийг шүүхгүйгээр ташуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү? гэхэд 26зуутын дарга үүнийг сонсоод, мянгатын дарга уруу очиж, түүнд
-Энэ хүн чинь Ромын иргэн юм байна шүү дээ, яах вэ? гэж илтгэв. 27Тэгтэл мянгатын дарга Паул уруу ирээд
-Чи Ромын иргэн юм уу? Надад хэлээч гэсэнд тэр
-Тийм ээ гэлээ. 28Мянгатын дарга
-Би энэхүү иргэний эрхийг чинь их мөнгөөр олж авсан гэхэд Паул
-Харин би бол төрөхдөө л иргэн нь байсан юм гэв. 29Тэгэхэд түүнийг байцаах гэж байсан хүмүүс тэр даруй зайлан явав. Паулыг Ромын иргэн гэдгийг мэдээд түүнийг гинжилсэндээ мянгатын дарга айв.
30Тэгээд маргааш нь иудейчүүд түүнийг юунд буруутгаж буйг тодорхой мэдэхийг хүсэж, түүнийг суллаад, ахлах тахилч нар болоод бүх Зөвлөлийг цуглахыг тушаан, Паулыг авчирч, тэдний өмнө зогсоожээ.