10 1Кайсарид Корнел гэгч нэгэн байсан бөгөөд тэр “Италийнхан” хэмээх ангийн зуутын дарга байв. 2Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг ажээ. 3Өдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж “Корнел!” гэхийг тод үзэв. 4Айдаст автсан тэр түүн уруу харж,
-Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд
-Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв. 5Одоо чи Иоппа уруу хүмүүс явуулж, Симон буюу Петр гэдэг хүнийг авчруул. 6Тэнгисийн дэргэд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв. 7Өөртэй нь ярьсан тэнгэр элчийг явангуут Корнел цэргүүдээсээ нэг сүсэгтэнг хоёр зарцын хамт дуудав. 8Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ.
9Маргааш нь тэднийг хотод дөхөн очих үед, Петр зургадугаар цагийн орчим залбирахаар байшингийн дээвэр дээр гарав. 10Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байв. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ. 11Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав. 12Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ. 13Тэгтэл нэгэн дуу гарч түүнд
-Петр ээ! Бос, нядлаад ид гэв. 14Харин Петр
-Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч ариун бус, бузар юм идэж байгаагүй гэлээ. 15Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч түүнд
-Бурханы цэвэр болгосон юуг ч ариун бус гэж бүү үзэгтүн гэв. 16Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд мөнөөх сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ.
17Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн хүмүүс Симоны гэрийг сурагласаар дааман хаалган дээр нь хүрч ирэв. 18Тэгээд Петр хэмээх Симон тэнд байгаа эсэхийг дуудан асуув. 19Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд
-Үзэгтүн, гурван хүн чамайг хайж байна. 20Бос, доош буугаад эргэлзэлгүй тэдэн уруу оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ. 21Петр тэр хүмүүс уруу очиж,
-Та нарын хайгаад байгаа хүн чинь би байна. Ямар хэргээр та нар ирэв? гэхэд 22тэд
-Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэр элчээс авсан юм гэцгээв. 23Петр тэднийг орохыг урьж, зочлов.
Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ. 24Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Тэднийг хүлээж байсан Корнел төрөл садан болон дотны андуудаа дуудаж цуглуулсан байв. 25Петрийг үүдэн дээр нь ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв. 26Харин Петр түүнийг босгоод
-Бос, би ч гэсэн хүн шүү дээ гэв. 27Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа. 28Тэр тэдэнд
-Иудей хүний хувьд харь үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар, эсвэл цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа. 29Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учраа хэлнэ үү? гэв. 30Корнел
-Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож, 31“Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав. 32Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч хэмээн урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн дэргэдэх арьсчин Симоны гэрт байгаа” гэсэн юм. 33Ийм учраас би тан уруу тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ.
34Петр ам нээж,
-Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд 35Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов. 36Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж энх тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн мөн) 37Иоханы тунхагласан баптисмын дараагаар Галилаас эхэлж Иудей даяар юу болсныг та нар өөрсдөө мэднэ. 38Энэ нь Назарын Есүсийн тухай бөгөөд Бурхан хэрхэн Түүнийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан. 39Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд Түүний хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд Түүнийг модонд өлгөж алсан юм. 40Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж, 41бүх хүмүүст биш, харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрчлэгчдэд буюу үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж, ууж байсан бидэнд харуулан соёрхов. 42Тэр бол Бурханаар томилогдсон амьд, үхсэн бүх хүний Шүүгч гэдгийг гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм. 43Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв.
44Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүх хүн дээр Ариун Сүнс буув. 45Хөвч хөндүүлсэн итгэгчид болох Петртэй хамт ирсэн бүх хүмүүс харь үндэстнүүд дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хараад гайхацгаажээ. 46Учир нь тэд хэлүүдээр ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов. Тэгтэл Петр
47-Бидний авсанчлан тийнхүү Ариун Сүнсийг хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээхэд хэн ч уснаас татгалзаж чадахгүй биз дээ? гэлээ. 48Тэр тэдэнд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг тушаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдээч гэж гуйлаа.