19 1Аполыг Коринтод байх үед Паул уулархаг нутгуудаар явсаар Ефест хүрч ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав. 2Тэгээд тэдэнд
-Та нар итгэхдээ Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэхэд тэд түүнд
-Үгүй. Ариун Сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна гэв. 3Тэр
-Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд
-Иоханы баптисмыг гэжээ. 4Паул
-“Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн” гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисмыг хүртээж байсан гэв. 5Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв. 6Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд олон хэлээр ярьж, эш үзүүлжээ. 7Тэнд бүгд арван хоёр орчим хүн байлаа.
8Тэрээр гурван сарын турш синагогт Бурханы хаанчлалын тухай сургамжлан, ятгаж зоригтой ярьж байв. 9Харин зарим нь цугласан олны өмнө энэхүү Замыг муучлан, дуулгаваргүй, зөрүүдлэх болов. Тэр тэднээс холдож, дагалдагчдыг авч Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ. 10Ингэсээр хоёр жил өнгөрөхөд Азид суурьшсан бүх иудей, грекчүүд Эзэний үгийг сонсоцгоожээ. 11Бурхан Паулын гараар дамжуулан ер бусын гайхамшгуудыг бүтээж байлаа. 12Алчуур, бүсийг нь түүнээс авч өвчтэй хүмүүст хүргэхэд өвчин нь эдгэж, муу сүнснүүд зайлж байв. 13Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь бузар сүнснүүдтэй хүмүүст Эзэн Есүсийн нэрээр
-Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж шившлэг хийхийг завджээ. 14Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүн үүнийг үйлдэж байв. 15Муу сүнс тэдэнд
-Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв. 16Тэгтэл муу сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүчээрээ түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтав. 17Энэ явдал Ефест амьдардаг бүх Иудей, Грек хүмүүст дуулдахад тэд бүгдээрээ айдаст автав. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа. 18Итгэсэн хүмүүсээс олонх нь ирж, өөрсдийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч илчлэв. 19Ид шидийг үйлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ. 20Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа.
21Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим уруу явъя гэж сүнсээр шийдэн, “Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой” гэв. 22Тэр өөрт нь үйлчилж байсан Тимот, Ераст хоёрыг Македони уруу илгээж, өөрөө Азид түр саатав.
23Энэ үед Замаас болж багагүй үймээн гарав. 24Мөнгөний дархан Деметр гэгч хүн Артемисын сүмийг мөнгөөр урлаж урчуудад багагүй орлого авчирдаг байв. 25Деметр дархчуудыг цуглуулаад, тэдэнд
-Хүмүүс ээ, бидний сайн сайхан байдал энэ ажлаас хамаардгийг та нар мэднэ. 26Та нар Ефес төдийгүй бараг бүх Азид энэ Паул гэгч нь гараар хийсэн бурхад нь бурхад биш хэмээн ухуулж, олон хүнийг эргүүлснийг харж, сонсож байгаа. 27Үүнд бидний дарх муу нэртэй болох аюул байгаа төдийгүй бас их охин тэнгэр Артемисын сүм хэрэггүй гэж тооцогдон, Ази болон дэлхийн шүтдэг охин тэнгэрийн сүр жавхлан буурах аюул байна гэжээ. 28Үүнийг сонсоод тэд хилэгнэн уурлаж,
-Ефесийн Артемис нь агуу билээ хэмээн хашхирч гарав. 29Хот үймээн самуунд автан, хүмүүс нэгэн зэрэг Паултай ханьсан Македониос ирсэн Гайос, Аристарх нарыг чирэн жүжгийн хүрээлэнд дайран орж ирэв. 30Паул цугларагсдын дунд орохыг хүссэн хэдий ч дагалдагчид түүнийг явуулахгүй байлаа. 31Мөн Паулын анд болох Азийн хэсэг захирагчид хүн илгээн түүнийг жүжгийн хүрээлэнд очихгүй байхыг ятгажээ. 32Цугларсан олон будилж самуурсан байсан тул нэг хэсэг нь нэг зүйл хашхирч байхад нөгөө хэсэг нь ондоо зүйл хашхирч байлаа. Тэдний олонх нь юуны төлөө цугласнаа ч мэдэхгүй байлаа. 33Тэгтэл иудейчүүд Александрыг олны өмнө урагш гаргахад Александр хүмүүст чимээгээ намдахыг гараараа дохиод олон түмний өмнө өөрсдийгөө өмгөөлөхийг хүсжээ. 34Гэтэл хүмүүс түүнийг Иудей хүн гэдгийг таниад бүгд нэгэн дуугаар
-Ефесийн Артемис нь агуу билээ хэмээн бараг хоёр цагийн турш хашхиралдав. 35Хотын захирагч ирж, цугласан олныг тайвшруулаад ийн хэлэв.
-Ефесчүүд ээ, тэнгэрээс унасан дүр, агуу Артемисын сүмийн харуул нь Ефес хот мөн гэдгийг мэдэхгүй хэн байгаа юм бэ? 36Иймээс энэ нь нэгэнт маргашгүй тул та нар гоомой юм үйлдэлгүй, тайван байх хэрэгтэй. 37Та нарын авчирсан эдгээр хүмүүс чинь ч сүмийг цөлмөөгүй, охин тэнгэрийг маань ч ер доромжлоогүй юм байна. 38Тиймээс хэрэв Деметр болон түүний урчууд хэн нэгний эсрэг гомдолтой байгаа бол шүүх хуралдаж байгаа, мөн тэргүүн захирагч ч байна. Тэд гомдлоо авч ирцгээг. 39Хэрэв үүнээс өөр асуудал та нарт байгаа бол түүнийг чинь хуулийн дагуу хурлаар шийдвэрлэнэ. 40Өнөөдрийн явдалтай холбоотой үймээн самуун дэгдээснийхээ төлөө бид буруутгагдах аюулд ороод байна. Учир нь үүнд үнэхээр шалтгаан байхгүй бөгөөд энэхүү эмх замбараагүй цуглааныг бид тайлбарлаж чадахгүй гэжээ. 41Ингэж хэлээд тэр цуглааныг тараасан аж.