18 1Дараа нь тэр Афиныг орхин Коринт уруу очив. 2Тэр тэнд Понт нутгийн Акул гэгч нэгэн иудей хүнтэй тааралджээ. Бүх иудейчүүдийг Ромоос гарга гэсэн Клаудын зарлигаас болж тэр хүн эхнэр Прискилагийнхаа хамт саяхан Италиас ирсэн ажээ. Тэгээд Паул тэднийд очив. 3Мөнөөх эр адилхан ажилтай хүн байсан тул Паул тэднийд үлдэж, хамт ажиллах болов. Тэд майхан хийдэг байжээ. 4Тэр Амралтын өдөр бүр синагогт сургамжилж, иудейчүүд, грекчүүдийг итгүүлэхийг оролдож байв.
5Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул өөрийгөө үгэнд бүрэн зориулж, иудейчүүдэд Есүс бол Христ мөн гэдгийг гэрчилж байлаа. 6Тэд түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд
-Та нарын цус өөрсдийн чинь толгой дээр бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харь үндэстнүүд уруу очно гэв. 7Тэр тэндээс явж, синагогийн дэргэд гэр нь байдаг Иустын Тит гэдэг хүний гэрт очив. Тэр Бурханыг шүтдэг нэгэн ажээ. 8Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж бас коринтчуудаас олон хүн үгийг сонсоод итгэж, баптисм хүртэцгээж байлаа. 9Шөнө нь Эзэн Паулд үзэгдлээр дамжуулан
-Бүү ай. Үргэлжлүүлэн яригтун. Битгий дуугүй бай. 10Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамд хор хүргэхээр чам уруу дайрахгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв. 11Тэр тэдний дунд Бурханы үгийг сурган жил зургаан сар амьдрав.
12Гэвч Галлионыг Ахай нутгийн тэргүүн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд авчирч,
13-Энэ хүн хуулийн эсрэг Бурханд мөргө гэж хүмүүсийг ятгаж байна гэв. 14Паулыг ам нээх гэтэл Галлион урьтаж иудейчүүдэд ингэж хэлэв.
-Иудейчүүд ээ! Хэрэв энэ нь гэмт хэрэг, эсвэл хорт явдал байсан бол та нарын гомдлыг хүлээж авах үндэслэл надад бүрэн байхсан. 15Гэтэл хэрэв үгс, нэрс болон танай хуулийн тухай асуудал байгаа бол өөрсдөө түүнийгээ мэдтүгэй. Эдгээр хэргийг шүүх хүсэл надад алга гэв. 16Тийнхүү тэр тэднийг шүүхээс хөөжээ. 17Тэд бүгд синагогийн ахлагч Состеныг барьж аваад шүүхийн өмнө зодсон боловч Галлион үүнийг огт тоосонгүй.
18Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгээд усан онгоцонд суун Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул тангаргаа сахиж үсээ авахуулжээ. 19Тэд Ефест ирэв. Паул нөхдөө тэнд үлдээгээд өөрөө синагогт очиж иудейчүүдэд сургамжилжээ. 20Тэд түүнийг удаан хугацаагаар байхыг гуйсан боловч тэр зөвшөөрсөнгүй. 21Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ
-Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар уруу эргэж ирнэ гэв. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ.
22Тэр Кайсарид буугаад явж чуулганыхны амар мэндийг асуучихаад Антиох уруу явав. 23Тэнд хэсэг хугацаагаар байж байгаад тэд замд гарч, Галатын дүүрэг болон Фругийг амжилттай туулан гарахдаа бүх дагалдагчдыг урамшуулж явлаа.
24Үгэнд цэцэн Апол гэгч Иудей эр Ефест хүрч ирэв. Тэрээр Судрыг сайн мэддэг нэгэн агаад Александрт төрсөн ажээ. 25Апол бол Эзэний замаар явахад сургагдсан хүн байсан бөгөөд гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв. Ингэхдээ гагцхүү Иоханы баптисмыг л мэддэг байжээ. 26Синагогт тэр зоригтой ярьж эхлэв. Харин Прискила, Акул нар түүнийг сонсоод хажуу тийш нь авч гараад, түүнд [Бурханы] замыг улам ч зөв тайлбарлаж өгөв. 27Тэр Ахай нутгаар явахыг хүссэн тул ах дүү нар түүнийг урамшуулан зоригжуулаад, түүнийг хүлээн авахыг хүссэн захидал дагалдагчдад илгээв. Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэсэн хүмүүст үлэмж тусалжээ. 28Учир нь Есүс бол Христ мөн гэдгийг Апол Судруудаар нотолж, иудейчүүдийг олны өмнө хүчтэйгээр няцааж байлаа.