11 1Бурханы үгийг харь үндэстнүүд ч бас хүлээн авсныг элч нар болон Иудей даяарх ах дүүс сонсоцгоов. 2Петрийг Иерусалимд ирэхэд хөвч хөндүүлсэн хүмүүс түүнтэй мэтгэлцэж,
3-Чи хөвч хөндүүлээгүй хүмүүс уруу очиж, бас тэдэнтэй хамт хооллов гэжээ. 4Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав.
5-Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над уруу буун ирэх үзэгдлийг харав. 6Би түүн дээр харцаа тогтоон, ажиглан харахад тэнд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байлаа. 7Мөн би “Петр ээ, бос. Нядалж ид” гэх дуу гарахыг сонссон. 8Харин би “Эзэн, яасан ч үгүй. Аливаа бузар, ариун бус зүйлийг би амандаа хэзээ ч хийж байгаагүй” гэхэд 9тэнгэрээс гарах дуу хоёр дахиа “Бурханы цэвэр болгосныг ариун бус гэж бүү үз” гэв. 10Энэ нь гурав дахин давтагдсан бөгөөд бүгд тэнгэр өөд буцаад өргөгдсөн. 11Гэтэл тэр үед миний сууж байсан айлын үүдэнд гурван хүн ирсэн нь Кайсариас над уруу илгээгдсэн хүмүүс ажээ. 12Эргэлзэлгүйгээр тэдэнтэй явахыг Сүнс надад хэлсэн юм. Надтай хамт эдгээр зургаан ах дүү явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очив. 13Тэрээр гэрт нь тэнгэр элчийн зогсож, Иоппа уруу хүн илгээж, Симон буюу Петрийг энд авчруул. 14Чамайг болон гэрийнхнийг чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина” гэхийг хэрхэн харснаа бидэнд ярив. 15Намайг ярьж эхлэхэд анх бидэн дээр Ариун Сүнс буусанчлан тэдэн дээр бас буулаа. 16Тэгэхэд би “Иохан усаар баптисм хүртээсэн бол харин та нар Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэсэн Эзэний үгийг санав. 17Эзэн Есүс Христэд итгэсний дараа бидэнд өгсний адил бэлгийг хэрэв Бурхан тэдэнд өгч байгаа бол Бурханд саад болж чадах би гэгч хэн билээ? гэв. 18Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан
-Амь өгөх гэмшлийг Бурхан бас харь үндэстнүүдэд соёрхжээ гэцгээв.
19Стефанаас өрнөсөн хавчлагын улмаас тархагсад иудейчүүдээс өөр хэнд ч үгийг ярилгүйгээр Фойник, Кипр, мөн Антиох хүртэл явсан ажээ. 20Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд Грек хүмүүстэй ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв. 21Эзэний мутар тэдэнтэй хамт байсан бөгөөд итгэсэн үй олон хүмүүс Эзэн уруу эргэж байлаа. 22Тэдний тухай мэдээ Иерусалим дахь чуулганы сонорт хүрч, тэд ч Барнабыг Антиох уруу явуулахаар илгээв. 23Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрх сэтгэлээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ. 24Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд олон хүн Эзэнд нэмэгдэв. 25Тэгээд тэр Саулыг олохоор Тарс уруу явжээ. 26Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христийнхэн хэмээн нэрлэх болов.
27Энэ өдрүүдэд Иерусалимаас Антиох уруу хэдэн эш үзүүлэгчид ирсэн байна. 28Тэдний нэг Агаб гэгч босож, Сүнсээр зааварчлагдан
-Бүх газрыг хамарсан их өлсгөлөн болно гэж хэлэв. Энэ өлсгөлөн Клаудын хаанчлалын үед болжээ. 29Тэгээд Иудейд амьдрагч ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв. 30Түүнийгээ Барнаб, Саул хоёрт хариуцуулан ахлагчдад илгээжээ.