23 1Паул Зөвлөлийг анхааралтай харан,
-Ах дүү нар аа, өнөөдрийг хүртэл би Бурханы өмнө хүний мөсөөр сайн амьдарч ирлээ гэв. 2Тэгтэл тэргүүн тахилч Ананиа дэргэдэх хүмүүст нь түүний амыг алгад хэмээн тушаав. 3Тэгэхэд нь Паул түүнд
-Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо! Чи намайг Хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг занчихыг тушааснаараа Хуулийг зөрчиж байгаа хэрэг биш үү? гэхэд 4тэнд байгсад
-Бурханы тэргүүн тахилчийг чи доромжилно уу? гэлээ. 5Паул
-“Өөрийн ард түмний удирдагчийг бүү муул” гэж бичигдсэн байдаг ч ах дүү нараас би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй гэв. 6Тэгээд Паул нэг хэсэг нь садукайчууд, нөгөө нь фарисайчууд болохыг ажиглаад, Зөвлөлд хандан
-Ах дүү нар аа, би бол Фарисайн хүү Фарисай. Би найдвар болон үхэгсдээс амилах амилалтын төлөө шүүгдэж байна хэмээн хашхирав. 7Үүнийг хэлэнгүүт фарисайчууд, садукайчуудын хооронд маргаан дэгдэж, хурал хоёр тал болон хуваагдав. 8Садукайчууд болохоор амилалт ч, тэнгэр элч ч, сүнс ч байхгүй хэмээн ярьдаг байхад харин фарисайчууд энэ бүхнийг байдаг хэмээн хүлээн зөвшөөрдөг ажгуу. 9Их шуугиан дэгдэж Фарисайн талын хуулийн багш нар босож, ширүүн маргалдан
-Энэ хүнийг буруутгах юу ч алга. Энэ хүнтэй сүнс эсвэл тэнгэр элч ярьсан байж болно гэцгээв. 10Маргаан ширүүсэж эхэлсэнд, тэд Паулыг тастчих вий гэж мянгатын дарга эмээн, цэргүүддээ явж, түүнийг тэднээс хүчээр салган авч хуаранд аваачихыг тушаав.
11Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон,
-Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.
12Маргааш нь иудейчүүд хуйвалдан, Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй хэмээн андгайлав. 13Энэ хуйвалдаанд дөчөөс илүү хүн оролцжээ. 14Тэд ахлах тахилч нар болон ахлагчид уруу очиж
-Бид Паулыг хөнөөхөөс нааш юу ч амсахгүй байхаар андгайлцгаав. 15Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч түүний хэргийг нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв. 16Хуйвалдааныг мэдсэн Паулын зээ дүү хуаранд ирж, Паулд мэдэгджээ. 17Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудаж
-Энэ залуу мянгатын даргад хэлэх мэдээтэй иржээ. Хүргэж өгнө үү? гэв. 18Тэр түүнийг мянгатын дарга уруу дагуулж ирээд,
-Хоригдол Паул намайг дуудаж, энэ залууд танд хэлэх зүйл байгаа тул танд хүргэж өгөхийг хүссэн юм гэжээ. 19Мянгатын дарга түүнийг гараас нь хөтлөн зайдуу аваачаад
-Чи надад юу хэлэх гээв? гэж хувьчлан асуув. 20Тэр
-Иудейчүүд Паулын хэргийг илүү нарийвчлан хэлэлцэх гэж байгаа мэт түүнийг маргааш Зөвлөлд аваачих хүсэлтийг танд хэлэхээр зөвшилджээ. 21Тиймээс Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв. 22Мянгатын дарга мөнөөх залууг явуулахдаа
-Энэ тухай надад мэдэгдсэнээ хэнд ч бүү хэл гэж захижээ. 23Тэгээд зуутын хоёр даргыг дуудаж,
-Кайсари уруу илгээх хоёр зуун цэрэг, далан морьтон, бас хоёр зуун жадчинг шөнийн гуравдугаар цаг гэхэд бэлэн болго гэв. 24Мөн тэд Паулыг захирагч Феликт эсэн мэнд хүргэх уналгын морьдыг гаргав. 25Тэгээд тэрээр ийм агуулга бүхий захидал бичив.
26“Клауд Луси, эрхэм хүндэт захирагч Фелик таны амрыг эрж мэндчилье. 27Энэ хүнийг иудейчүүд барьж аваад алах гэж байхад нь түүний Ромын иргэн болохыг мэдсэн тул би цэргээ дагуулан очиж түүнийг аварсан юм. 28Чухам яагаад түүнийг буруутгаж буйг тодорхой мэдэхийн тул энэ хүнийг би тэдний Зөвлөлд аваачсан. 29Тэгээд буруутгал нь тэдний Хуулийн маргаантай асуудалд холбогдсоныг олж мэдэв. Харин энэ хүн үхэх, эсвэл шоронд орох ямар ч гэмт хэрэгт буруутгагдаагүй юм байна. 30Энэ хүнийг хорлох хуйвалдаан бэлтгэгдэж байгааг мэдээд түүнийг даруй тан уруу явуулав. Мөн буруутгагчид нь түүний эсрэг мэдүүлгээ таны өмнө яриг хэмээн тушаав”[Баяртай] гэжээ.
31Ийнхүү тушаал ёсоор цэргүүд Паулыг шөнөөр авч явж Антипатрад авчирлаа. 32Маргааш нь тэд морин цэргүүдийг түүнтэй хамт явуулахаар үлдээгээд, хуарандаа буцацгаажээ. 33Тэд Кайсарид ирж захирагчид захидлыг гардуулаад, Паулыг түүний өмнө авчрав. 34Захирагч захидлыг уншаад, аль нутгийнх болохыг Паулаас лавлаад, Киликийнх гэдгийг нь мэдэнгүүтээ
35-Буруутгагчдыг чинь ирэхлээр чамайг сонсъё гээд түүнийг Херодын ордонд хянаж байхыг тушаажээ.