9 1Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд
-Бүсээ ууцаараа бүсэлж, гартаа энэ тостой савыг барьж, Рамот-гилеад уруу яв. 2Чи тэнд очоод, Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод, дотогш орон, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон, дотоод өрөө уруу дагуулан орогтун. 3Тэгээд тостой саваа авч, толгой дээр нь тос цутган, “ЭЗЭН айлдахдаа “Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо” гэж байна” гэж хэлэгтүн. Дараа нь хаалгаа онгойлгоод, зугтагтун. Битгий хүлээ хэмээв. 4Ингээд эш үзүүлэгчийн зарц болох тэр залуу Рамот-гилеад уруу явжээ. 5Түүнийг ирэхэд, харагтун, цэргийн ахмадууд сууж байв. Тэрээр
-Ахмад аа, танд хэлэх үг надад байна гэв. Иехү
-Бидний хэнд нь юм бэ? хэмээн асуухад тэрээр
-Ахмад аа, танд гэв. 6Иехү босоод, гэрт ороход тэрээр түүний толгой дээр тос цутган, түүнд
-Израилийн Бурхан, ЭЗЭН айлдахдаа “Би чамайг ЭЗЭНий ард түмэн болох Израилийн хаан болгон тосоллоо. 7Иезебелийн гарт үрэгдсэн Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдийн цусны болон ЭЗЭНий бүх зарц нарын цусны өшөөг Би авахын тулд чи өөрийн эзэн Ахабын гэрийг цохигтун. 8Учир нь Ахабын бүх гэр мөхөх ёстой. Израиль дахь боол ч бай, чөлөөт ч бай бүх эрэгтэй хүмүүсийг Би Ахабаас таслах болно. 9Би Ахабын гэрийг Небатын хүү Иеробоамын гэртэй адил, мөн Ахиагийн хүү Баашагийн гэртэй адил болгоно. 10Ноход Иезреелийн нутагт Иезебелийг идэх бөгөөд хэн ч түүнийг оршуулахгүй” гэж байна гэв. Тэгээд тэрээр хаалгаа онгойлгон зугтав.
11Иехү эзнийхээ зарц нар дээр ороход нэг нь түүнээс
-Бүх юм зүгээр үү? Тэр галзуу яагаад чам уруу ирсэн юм бэ? гэж асуув. Тэрээр тэдэнд
-Та нар хүнийг болон түүний ярьсныг мэднэ шүү дээ гэв. 12Тэд
-Энэ чинь худал. Бидэнд одоохон хэлээч гэсэнд Иехү
-Тэрээр надад ингэж, ингэж яриад, “ЭЗЭН айлдахдаа “Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо” гэж байна” гэж хэлсэн билээ гэв. 13Тэгэхэд тэд яаравчлан, хүн бүр өөрийн хувцсаа авч, Иехүгийн хөлийн доор гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн,
-Иехү бол хаан гэцгээв.
14Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа. 15Харин Иорам хаан Арамын хаан Хазаелтай тулалдаж байхдаа арамейчуудаас олсон шархаа эдгээхээр Иезреел уруу буцаж ирсэн байлаа. Иймээс Иехү
-Хэрэв та нарын санаа ийм байгаа бол, Иезреелд дуулгахаар хэн ч оргох юм уу хотыг орхин явж болохгүй хэмээв. 16Тэгээд Иехү тэргэнд суугаад Иезреел уруу явав. Учир нь Иорам тэнд хэвтэж байсан билээ. Иудагийн хаан Ахазиа Иорамтай уулзахаар тэнд ирчихсэн байв.
17Иезреелийн цамхаг дээр харуул зогсож байсан бөгөөд Иехүгийн цэргүүдийг ирж байгааг тэр хараад,
-Би цэргүүдийг харж байна гэжээ. Иорам
-Нэг морьтонг авч, тэднийг угтуулан илгээн, “Амар амгалан уу” хэмээн түүгээр асуулга гэв. 18Ингээд морьтон эр түүнтэй уулзахаар явж,
-Хаантан “Амар амгалан уу?” хэмээсэн билээ гэв. Иехү
-Чи амар амгалантай ямар хамаатай вэ? Миний хойноос яв гэв. Харуул мэдээлэхдээ
-Элч тэдэн уруу очсон боловч буцаж ирсэнгүй гэв. 19Тэгэхэд хаан хоёр дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн уруу ирээд,
-Хаан “Амар амгалан уу?” гэж асууж байна гэв. Иехү
-Чи амар амгалантай ямар холбоотой вэ? Миний хойноос яв хэмээн хариулав. 20Харуул
-Элч тэдэн уруу хүрч очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Иехүгийн давхихтай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхидаг гэж мэдэгдэв.
21Тэгэхэд Иорам
-Бэлэн байгтун гэв. Тэд түүний тэргийг бэлтгэв. Израилийн хаан Иорам болон Иудагийн хаан Ахазиа тус тусын тэргэндээ суун, Иехүг угтахаар гарч, иезреел хүн Наботын эзэмшил дээр түүнтэй тулгарав. 22Иорам Иехүг хараад
-Иехү, амар амгалан уу? гэж асуусанд Иехү
-Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ? хэмээв. 23Иорам эргэн зугтаад, Ахазиад
-Хөөе, Ахазиа, урвалт гэв. 24Иехү бүх хүчээрээ нумаа татаж, Иорамыг гарых нь хоорондуур харвав. Сум түүний зүрхийг нэвтлэн гарч, тэрээр тэргэн дотроо доошоо суув. 25Тэгээд түүний түшмэл Бидкарт хандан
-Түүнийг өргөж, иезреел хүн Наботын эзэмшлийн талбайд аваачин хаягтун. Учир нь түүний эцэг Ахабын араас чи бид хоёр даган явж байхад ЭЗЭН түүний эсрэг ийнхүү зөгнөснийг би санаж байна. 26“Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр Би үнэхээр харлаа” гэж ЭЗЭН айлдаж, “Би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно” гэсэн билээ. Тэгэхээр одоо ЭЗЭНий үгийн дагуу түүнийг авч, тэр эзэмшил дээр хаягтун гэв.
27Иудагийн хаан Ахазиа хараад цэцэрлэгт гэрийн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн,
-Түүнийг ч мөн тэргэн дотор нь харва гэж Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр хэлэв. Гэвч тэрээр Мегиддо уруу зугтан, тэндээ үхжээ. 28Дараа нь зарц нар нь түүнийг тэргээр Иерусалим уруу аваачиж, түүнийг булшинд нь эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод оршуулсан юм.
29Ахабын хүү Иорамын арван нэг дэх жилд Ахазиа Иудагийн хаан болсон юм.
30Иехү Иезреелд ирэх үед Иезебел сонсоод, нүдээ будан, толгойгоо чимэглээд, цонхоороо харав. 31Иехү дааман хаалгаар орж ирж байхад Иезебел
-Эзнийгээ хороосон Зимри, энэ чинь зөв гэж үү? хэмээсэн юм. 32Тэгэхэд Иехү цонх уруу толгойгоо өргөн,
-Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүн уруу харжээ. 33Тэр
-Түүнийг доош хаягтун хэмээв. Ингээд тэд түүнийг доошоо чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр, моринд ч хүртэл цацагдав. Тэр түүнийг хөл дороо дэвсэлсэн юм. 34Иехү дотогш ороод, ууж идлээ. Тэрээр
-Одоо энэ хараагдсан эмийг харж, түүнийг оршуул. Учир нь тэрээр хааны охин юм гэв. 35Тэд түүнийг оршуулахаар гарсан боловч түүнээс гавлынх нь яс, хөл, гарынх нь сарвуунаас өөр юм олсонгүй. 36Тиймээс тэд буцаж ирээд, Иехүд хэлжээ. Тэрээр
-Энэ бол ЭЗЭНий үг юм. Тэрээр Өөрийн зарц тишбе хүн Елиагаар дамжуулан “Иезреелийн эзэмшилд ноход Иезебелийн махыг иднэ. 37Иезебелийн хүүр нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх хог мэт болж, хэн ч “Энэ бол Иезебел” гэж хэлж чадахгүй” гэсэн билээ гэв.