15 1Израилийн хаан Иеробоамын хорин долоо дахь жилд Иудагийн хаан Амазиагийн хүү Азариа хаан болжээ. 2Тэрээр хаан болохдоо арван зургаан настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иерусалимын хүн Иеколиа гэдэг байв. 3Тэр өөрийн эцэг Амазиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. 4Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв. 5ЭЗЭН хааныг цохисонд тэрээр үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй болж тусдаа ордонд амьдарчээ. Хааны хүү Иотам өрх гэрээ толгойлон, нутгийн хүмүүсийг шүүжээ. 6Азариагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 7Азариа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод оршуулсан юм. Түүний хүү Иотам түүний оронд хаан болов.
8Иудагийн хаан Азариагийн гучин найм дахь жилд Иеробоамын хүү Зехариа Израилийн хаан болж Самарид зургаан сар захирав. 9Тэр эцэг өвгөдийнхөө үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс холдсонгүй. 10Дараа нь Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, ард түмний өмнө түүнийг цохин алж, түүний байранд хаанчлав. 11Зехариагийн бусад үйлс, харагтун, тэд Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн билээ. 12Энэ бол Иехүд хандан “Дөрөв дэх үе хүртэлх чиний хөвгүүд Израилийн хаан ширээнд суух болно” гэж айлдсан ЭЗЭНий үг юм. Энэ нь тийнхүү биелэгджээ.
13Иабешийн хүү Шаллум, Иудагийн хаан Уззиагийн гучин ес дэх жилд хаан болж, Самарид нэг сар хаанчлав. 14Дараа нь Гадийн хүү Менахем Тирзагаас хөдлөн Самарид ирж, Иабешийн хүү Шаллумыг Самарид цохин алж, түүний оронд хаан болов. 15Шаллумын бусад үйлс болон түүний зохиосон хуйвалдаан, харагтун, тэдгээр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм. 16Тэгээд Менахем Тирзагаас өгсүүлээд, Тифсаг, түүн дотор байсан бүх хүнийг болон хил хязгаарыг нь цохисон юм. Тэд хотын хаалгыг нээж өгөөгүйгээс болж тэр бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь цохиж, сийчив.
17Иудагийн хаан Азариагийн гучин ес дэх жилд Гадийн хүү Менахем Израилийн хаан болж, Самарид арван жил хаанчлав. 18Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглээс бүх өдрүүдийнхээ туршид салсангүй.
19Ассирийн хаан Пул тэр нутгийн эсрэг ирсэн бөгөөд түүний удирдлага доор хаанчлалыг бэхжүүлэхдээ түүний гарыг өөртэйгөө хамт байлгахын тулд Менахем Пулд мянган мөнгөн талант өгчээ. 20Тэгээд Ассирийн хаанд төлөх гэж Израилиас буюу бүх баян хүчирхэг хүнээс, хүн тус бүрээс тавин шекел мөнгийг Менахем албадан гаргуулав. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ. 21Менахемын бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 22Менахем эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Пекахиа түүний оронд хаан болов.
23Иудагийн хаан Азариагийн тавь дахь жилд Менахемын хүү Пекахиа Самарид Израилийн хаан болж, хоёр жил захирав. 24Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй. 25Дараа нь түүний түшмэл болох Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг Аргоб, Арие нарын хамт хааны гэрийн шилтгээнд, Самарид цохив. Пекагийн хамт гилеадчуудаас тавин эрс байсан бөгөөд тэрээр хааныг алж түүний оронд хаан болов. 26Пекахиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, харагтун, тэдгээр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.
27Иудагийн хаан Азариагийн тавин хоёр дахь жилд Ремалиагийн хүү Пека Самарид Израилийн хаан болж, хорин жил хаанчлав. 28Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.
29Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галил буюу Нафталийн бүх газар нутгийг эзлэн авав. Тэрээр тэднийг Ассири уруу олзлон авч явжээ. 30Елагийн хүү Хошеа Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорь дахь жилд түүний байранд хаан болов. 31Пекагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, харагтун, тэр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.
32Израилийн хаан Ремалиагийн хүү Пекагийн хоёр дахь жилд Иудагийн хаан Уззиагийн хүү Иотам хаан болов. 33Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв. 34Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайв. 35Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв. Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг босгосон юм. 36Иотамын бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 37Тэр өдрүүдэд Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Пека нарыг Иудагийн эсрэг ЭЗЭН илгээж эхлэв. 38Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдийнхөө хамт оршуулагдав. Түүний хүү Ахаз түүний оронд хаан болов.