14 1Израилийн хаан Иоахазын хүү Иоашийн хоёр дахь жилд Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа хаан болов. 2Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иехоаддин гэдэг байв. 3Тэр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн боловч өвөг эцэг Давид шиг байсангүй. Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв. 4Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдаагүй юм. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар л байв. 5Хаанчлал түүний гарт чанга атгаастай болмогц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав. 6Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН “Хөвгүүдээс болж эцгүүдийг нь алж болохгүй, мөн эцгүүдээс болж хөвгүүдийг нь ч алж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө л алагдах болой” гэж тушаасанчлан тэрхүү алуурчдын хөвгүүдийг тэрээр цаазалсангүй. 7Тэрээр Давст Хөндийд арван мянган едомчуудыг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел хэмээн нэрлэв. 8Дараа нь Амазиа Иехүгийн ач Иехоахазын хүү Израилийн хаан Иехоашт элч нарыг илгээн,
-Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя хэмээв. 9Израилийн хаан Иехоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн
-Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ. 10Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв.
11Гэвч Амазиа сонссонгүй. Ингээд Израилийн хаан Иехоаш хөдөлжээ. Тэр болон Иудагийн хаан Амазиа Иудад харьяалагддаг Бет-шемешт нүүр нүүрээрээ тулгарав. 12Иуда Израильд ялагдан тэдний хүн бүр өөр өөрийн майхан уруугаа зугтаажээ. 13Тэгээд Израилийн хаан Иехоаш Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын Дааман Хаалганаас Булангийн Дааман Хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав. 14Тэрээр ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг, мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ.
15Иехоашийн хийсэн бусад үйлс, түүний хүч чадал хийгээд тэрээр Иудагийн хаан Амазиатай хэрхэн тулалдсан тухай Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 16Ингээд Иехоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Израилийн хаадын хамт Самарид оршуулагдсан юм. Түүний хүү Иеробоам түүний оронд хаан болов.
17Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа Израилийн хаан Иехоахазын хүү Иехоашийг нас барсны дараа арван таван жил амьдрав. 18Амазиагийн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 19Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн, түүнийг тэнд алжээ. 20Тэгээд тэд шарилыг нь морин дээр авчирч, тэрээр Иерусалимд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдсан юм. 21Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай Азариаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилсөн билээ. 22Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елатыг босгон, Иудад нэгтгэв.
23Иудагийн хаан Иоашийн хүү Амазиагийн арван тав дахь жилд Израилийн хаан Иоашийн хүү Иеробоам Самарид хаан болж, дөчин нэгэн жил захирав. 24Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглүүдээс холдож зайлсангүй. 25Өөрийн зарц, Гат-хеферт байсан, Амиттаин хүү эш үзүүлэгч Ионагаар дамжуулан айлдсан Израилийн Бурхан ЭЗЭНий үгийн дагуу тэрээр Израилийн хилийг Хаматын хоолойноос Арабын далай хүртэл сэргээн тогтоосон юм. 26Учир нь Израилийн маш гашуун зовлон шаналлыг ЭЗЭН харжээ. Учир нь боол ч, чөлөөт хүн ч, Израильд туслах нэг ч хүн тэнд байхгүй болсон юм. 27Израилийн нэрийг тэнгэрийн доороос арчин хаяна гэж ЭЗЭН айлдсангүй, харин Иоашийн хүү Иоробоамын гараар Тэр тэднийг аварсан болой.
28Иеробоамын бусад үйлс, түүний үйлдсэн бүхэн, түүний хүч чадал болон тэрээр хэрхэн дайтаж, Иудад Дамаск ба Хаматыг Израилийн төлөө эргүүлэн авсан зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 29Иеробоам өөрийн эцэг өвгөд болох Израилийн хаадтай хамт нойрссон бөгөөд түүний хүү Зехариа түүний оронд хаан болжээ.