16 1Ремалиагийн хүү Пекагийн арван долоо дахь жилд Иотамын хүү Иудагийн хаан Ахаз хаан болов. 2Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Ахаз өөрийн өвөг эцэг Давид шиг өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэнгүй. 3Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлын дагуу хүүгээ гал дундуур явуулсан ажээ. 4Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан, тахил өргөв.
5Дараа нь Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Израилийн хаан Пека нар дайтахаар Иерусалим уруу иржээ. Тэд Ахазыг бүслэн авсан боловч дийлж чадахгүй байв. 6Тэр үед Арамын хаан Резин Елатыг Арамд буцаасан бөгөөд иудейчүүдийг Елатаас бүгдийг нь гаргасан билээ. Арамейчууд Елатад ирж, энэ өдрийг хүртэл тэнд амьдарсан юм.
7Ингэхэд Ахаз Ассирийн хаан Тиклат-пилесерт элч нарыг илгээн,
-Би таны зарц болон таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч хэмээн уламжлуулав. 8Ахаз ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө алтыг авч, Ассирийн хаанд бэлэг илгээв. 9Тиймээс Ассирийн хаан түүнийг сонсов. Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлэн аваад, Кир уруу цөллөгт авч явж, Резинийг алжээ.
10Ингээд Ахаз хаан Ассирийн хаан Тиклат-пилесертай уулзахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний хэв ба загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв. 11Ингээд тахилч Уриа тахилын ширээг бүтээв. Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүхний дагуу тахилч Уриа үүнийг Ахаз Хааныг Дамаскаас буцаж ирэхээс өмнө хийв. 12Хаан Дамаскаас буцаж ирээд, тахилын ширээг харжээ. Тэгээд хаан тахилын ширээнд ойртон очоод, дээр нь гарч, 13тахилын ширээн дээр өөрийн шатаалт тахил ба өөрийн идээн өргөлийг өргөж, өөрийн ундаан өргөлөө цутгаж, өөрийн эвийн тахилын цусыг цацав. 14ЭЗЭНий өмнө байдаг хүрэл тахилын ширээг тэрээр өргөөний урд тал буюу тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирч, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ. 15Тэгээд Ахаз хаан тахилч Уриад тушаан,
-Өглөөний шатаалт тахил, үдшийн идээн өргөл, хааны шатаалт тахил болон түүний идээн өргөлийг, энэ газрын бүх ард түмний шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлүүд бүгдийг нь том тахилын ширээн дээр өргө. Мөн түүн дээр шатаалт тахил болон тахилын бүх цусыг цац. Харин би тахилын хүрэл ширээг залбиран асуухдаа хэрэглэнэ гэв. 16Ингээд тахилч Уриа Ахаз Хааны тушаасан бүгдийн дагуу биелүүлэв.
17Дараа нь Ахаз хаан тавиуруудын самбаруудыг салгаад, угаалгын савыг нь авав. Тэр бас доор нь байсан хүрэл үхрүүдийн дээрээс тэнгисийг салган аваад, түүнийг чулуун тавцан дээр тавив. 18Ассирийн хаанаас болж өргөө дотор тэдний барьсан амралтын өдөрт зориулсан жим болон хааны гадна хаалгыг тэрээр ЭЗЭНий өргөөнөөс зайлуулав. 19Ахазын үйлдсэн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 20Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Хезекиа түүний оронд хаанчлав.