24 1Түүний өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг босов. 2ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамейчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан Түүний айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг Тэрээр тэднийг илгээсэн юм. 3Манассегийн үйлдсэн бүхний дагуу түүний нүглүүдээс болж ЭЗЭНий мэлмийнээс зайлуулагдах нь Иудагийн дээр ЭЗЭНий тушаалаар биеллээ олсон юм. 4Энэ нь бас түүний урсгасан гэмгүй цусны төлөө байв. Учир нь тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн юм. Үүнийг ЭЗЭН уучлахгүй байсан билээ. 5Иехоиакимын бусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 6Ингээд Иехоиаким эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Иехоиахин түүний оронд хаан болжээ. 7Египетийн голоос Евфрат мөрөн хүртэлх Египетийн хаанд харьяалагдаж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэн авсан учир Египетийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй.
8Иехоиахин хаан болохдоо арван найман настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчлав. Түүний эхийг Иерусалимын Елнатаны охин Нехушта гэдэг байв. 9Иехоиахин эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.
10Тэр үед Вавилоны хаан Небухаднезарын боолууд Иерусалим уруу довтлон ирж, хотыг бүслэв. 11Боолууд нь хотыг бүсэлсэн байх хооронд Вавилоны хаан Небухаднезар хүрч ирэв. 12Иудагийн хаан Иехоиахин өөрөө болон түүний эх, зарц нар, ахмадууд, түшмэдийнхээ хамт Вавилоны хаан уруу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүнийг хаанчлалынхаа найм дахь жилд олзлон авав. 13Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөөний бүх эрдэнэс болон хааны гэрийн эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий айлдсан ёсоор ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ. 14Тэгээд тэрээр бүх Иерусалимыг болон бүх ахмадууд, бүх хүчирхэг зоригт эрсийг буюу арван мянган олзлогсдыг, мөн бүх гар урчууд ба дархчуудыг цөллөг уруу авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу хүмүүсээс өөр ямар ч хүн үлдсэнгүй. 15Ийнхүү тэрээр Иехоиахиныг Вавилон уруу цөллөгт аваачив. Мөн хааны эх, хааны эхнэрүүд, түүний түшмэд болон тэр газрын удирдагч хүмүүсийг тэрээр Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явжээ. 16Бүх баатар эрс долоон мянган хүн, гар урчууд ба дархчууд мянган хүн, бүгд дайнд шалгарсан хүчтэнүүд байсан бөгөөд тэднийг Вавилоны хаан Вавилон уруу цөллөгт аваачжээ. 17Тэгээд Вавилоны хаан, Иехоиахины авга ах Маттаниаг түүний оронд хаан болгож, нэрийг нь Зедекиа болгон өөрчлөв.
18Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв. 19Тэрээр Иехоиакимын үйлдсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. 20ЭЗЭН тэднийг Өөрийн оршихуйгаас хөөх хүртэл Түүний уур хилэнгээр дамжуулан Иерусалим ба Иудад энэ нь биелжээ. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.