25 1Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар өөрөө болон бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгожээ. 2Ийнхүү Зедекиа Хааны арван нэг дэх жил болтол хот бүслэлтэнд байжээ. 3Дөрөвдүгээр сарын есний өдөр тэр нутгийн ард түмэнд хоол хүнс байхгүй болтол хот доторх өлсгөлөн ихэд ширүүсжээ. 4Тэгээд хот уруу цөмрөн орсон бөгөөд хотын эргэн тойронд халдеичууд байсан хэдий ч бүх дайчид хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хооронд байх хаалгаар дамжин шөнөөр зугтав. Тэд Арабагийн замаар явжээ. 5Гэвч халдеичуудын цэрэг хааныг нэхэн хөөж, Иерихогийн талд түүнийг барьсан бөгөөд бүх цэргүүд нь түүнийг орхин тарав. 6Тэгээд тэд хааныг олзлоод, Рибла дахь Вавилоны хаанд хүргэж ирэхэд, тэр түүнд ял оноов. 7Тэд Зедекиагийн нүдний өмнө хөвгүүдийг нь цаазлан, дараа нь Зедекиагийн нүдийг ухаад, түүнийг хүрэл дөнгөөр хүлж, Вавилон уруу авчирчээ.
8Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан болох Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны зарц, бие хамгаалагч нарын ахмад Небузарадан Иерусалимд иржээ. 9Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав. 10Ингээд бие хамгаалагчдын ахмадтай халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь хэрмийг нураав. 11Тэгээд хотод үлдсэн бусад хүмүүс, Вавилоны хаан уруу оргосон оргодлууд болон бусад ард олныг бие хамгаалагчдын ахмад Небузарадан цөллөгт авч явжээ. 12Гэвч бие хамгаалагчдын ахмад тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг усан үзмийн цэцэрлэгч болон газар хагалагчаар үлдээв.
13ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл багананууд болон сууриуд мөн ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл цутгамал тэнгис зэргийг халдеичууд хэсэг болгон эвдэлж, хүрлийг нь Вавилон уруу авч явжээ. 14Тогоонууд, утгуур, чимхүүр, халбаганууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савнуудыг тэд авч явжээ. 15Бие хамгаалагч нарын ахмад мөн цэвэр алт, мөнгөн бойпорууд ба угаалгын савнуудыг авч явжээ. 16ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг цутгамал тэнгис болон сууриуд болох эдгээр бүх сав суулгануудын хүрэл нь хэмжээлшгүй их байжээ. 17Нэг баганын өндөр нь арван найман тохой бөгөөд түүн дээр хүрэл толгой байв. Толгойн өндөр нь гурван тохой байв. Толгойг тойруулсан тор ба анарууд бүгд хүрлээр хийсэн байв. Нөгөө багана нь ч мөн адил тороор чимэглэсэн байв.
18Тэгээд бие хамгаалагч нарын ахмад нь ахлах тахилч Сераиа, дэд тахилч Зефаниа, сүмийн гурван түшмэлийн хамт авав. 19Хотоос тэрээр дайчдыг хариуцагч нэг түшмэлийг, мөн хотоос олдсон хааны зөвлөгчдийн таван хүнийг, мөн тэр газрын ард түмнийг цуглуулдаг байсан цэргийн ахмадын гүүшийг, мөн хотоос олдсон нутгийн жаран хүнийг авч одов. 20Бие хамгаалагчдын ахмад Небузарадан тэднийг аваад Риблад буй Вавилоны хаанд авч иржээ. 21Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алжээ. Ийнхүү Иуда өөрийн газраас цөллөгт хөөгджээ.
22Вавилоны хаан Небухаднезарын Иуда газарт үлдээсэн хүмүүсийг захируулахаар тэрээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилов. 23Вавилоны хаан Гедалиаг томилсныг цэргийн бүх ахмадууд өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод тэд Мизпад Гедалиа уруу иржээ. Тэдгээр нь Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иохонан, Нетофат хүн Танхуметын хүү Сераиа, Маака хүний хүү Иазаниа нар бөгөөд тэдний хүмүүс болой. 24Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст тангараглан,
-Халдеичуудын зарц нараас бүү айгтун. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчлэгтүн. Энэ нь та нарт өлзийтэй байх болно гэж тэдэнд хэлэв.
25Гэвч долдугаар сард Елишамагийн ач Нетаниагийн хүү болох хааны ургийн Ишмаел арван эрийн хамт ирээд, Гедалиаг цохиж алаад, Мизпад мөн түүний хамт байсан иудейчүүд, халдеичуудыг алжээ. 26Тэгээд их, бага гэлгүй бүх хүмүүс болон цэргийн ахмадууд босон Египет уруу оджээ. Учир нь тэд халдеичуудаас айж байв.
27Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долоо дахь жилд, арван хоёрдугаар сарын хорин долооны өдөр Вавилоны хаан Евил-меродах хаан суудалдаа заларсан тэр жилдээ Иудагийн хаан Иехоиахинг шоронгоос чөлөөлөв. 28Тэрээр Иехоиахинтай элэгсэг дотноор ярилцан, Вавилонд өөртэй нь хамт байдаг хаадын сэнтийнээс илүү өндөр сэнтийд Иехоиахинг суулгажээ. 29Иехоиахин шоронгийн хувцсаа сольж, амьдралынхаа бүх өдрийн турш хааны өмнө тогтмол зооглож байв. 30Хаан түүнд амьдралынх нь бүх өдрийн туршид өдөр бүрийн хувь хишиг болох тогтмол тэтгэлгийг ханган нийлүүлж байжээ.