21 1Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд тавин таван жил хаанчлав. Түүний эхийг Хефзиба гэдэг байв. 2Тэрээр Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузрын дагуу ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ. 3Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Израилийн хаан Ахабын хийсэн шиг Баалд зориулан тахилын ширээг босгон, Ашераг бүтээж, бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв. 4Тэрээр ЭЗЭНий өргөө дотор тахилын ширээнүүд босгов.Энэ өргөөний талаар “Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина” гэж ЭЗЭН айлдсан юм. 5Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов. 6Тэр өөрийн хөвгүүнийг гал дундуур явуулан, ид шидийг үйлдэж, мэргэ төлөг ашиглан, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогджээ. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ. 7Дараа нь тэр өөрийн бүтээсэн Ашерагийн сийлмэл хөргийг өргөө дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд ЭЗЭН айлдахдаа
-Би Израилийн бүх овгуудаас сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно. 8Хэрвээ тэд Миний тушаасан болгоны дагуу, мөн Миний боол Мосегийн тэдэнд тушаасан бүх хуулийн дагуу сахин үйлдэж байвал Би тэдний эцэг өвгөдөд өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин хэзээ ч тэнүүчлүүлэхгүй гэсэн билээ. 9Гэвч тэд сонсоогүй бөгөөд Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр бузар мууг хийлгүүлэн Манассе тэднийг уруу татсан юм.
10ЭЗЭН Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан айлдахдаа
11-Иудагийн хаан Манассе өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр бузар мууг үйлдэн эдгээр бузар юмыг хийж, өөрийн шүтээнүүдээр Иудагаар нүгэл үйлдүүлсэн учраас 12Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иерусалим болон Иуда дээр гамшгийг илгээх бөгөөд үүний талаар сонссон хэний ч бай хоёр чих нь хангинах болно. 13Би Иерусалимын дээгүүр Самарийн олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Хүн тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно. 14Би Өөрийн өвийн үлдэгсдийг орхиж, тэднийг дайсных нь гарт өгөх бөгөөд тэд бүх дайснууддаа олз омог болно. 15Учир нь тэдний эцэг өвгөд Египетээс гарсан өдрөөс эхлээд энэ өдрийг хүртэл тэд Миний мэлмийд бузар мууг үйлдэж, Намайг уурлахад хүргэж байсан юм” хэмээв гэжээ.
16Манассе ЭЗЭНий мэлмийд бузар мууг хийж, Иудагаар нүгэл үйлдүүлсэн тэр нүглээс гадна гэмгүй цусыг үлэмж их урсган, Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүргэсэн билээ. 17Манассегийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, түүний үйлдсэн нүглүүд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 18Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн гэрийн цэцэрлэг болох Уззагийн цэцэрлэгт оршуулагджээ. Түүний хүү Амон түүний оронд хаан болжээ.
19Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иотбагийн Харузын охин Мешуллемет гэдэг байв. 20Тэр өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. 21Учир нь тэр эцгийнхээ явсан бүх замаар замнаж, эцгийнхээ үйлчилж байсан шүтээнүүдэд үйлчилж, тэдгээрт мөргөсөн билээ. 22Тэр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартан, ЭЗЭНий замаар явсангүй. 23Амоны зарц нар түүний эсрэг хуйвалдаж, хааныг өөрийнх нь гэрт алав. 24Дараа нь тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдсан бүх хүнийг алж, түүний оронд түүний хүү Иосиаг хаанаар өргөмжилжээ. 25Амоны хийсэн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 26Тэрээр Уззагийн цэцэрлэг дэх өөрийн булшинд оршуулагджээ. Түүний хүү Иосиа түүний оронд хаан болсон юм.