11 1Өөрийн хүүг үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав. 2Харин Иорам Хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нуун, тэр алуулсангүй. 3Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр асрагчийнхаа хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв.
4Долоо дахь жил Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг авчирч, тэднийг өөр уруугаа ЭЗЭНий өргөөнд авчрав. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулан, ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав. 5Тэрээр тэдэнд тушаан
-Та нарын хийх зүйл энэ юм. Амралтын өдөр ирж, хааны гэрийг харгалздаг та бүгдийн гуравны нэг нь 6(гуравны нэг нь бас Сур дааман хаалган дээр, мөн гуравны нэг нь хамгаалагчдын арын дааман хаалган дээр) хамгаалалтын төлөө ордныг харгалзах ёстой. 7Амралтын өдөр гардаг бүх хүн буюу та нарын хоёр хэсэг нь хааны төлөө ЭЗЭНий өргөөг хамгаалагтун. 8Тэгээд хүн бүр гартаа зэр зэвсгээ авч, та нар хааныг хүрээлэн зогс. Хүрээний дотор орогч хэнийг боловч алах ёстой. Гарч, орох бүрийд нь хаантай хамт байгтун гэв.
9Зуутын дарга нар тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэв. Тэдний хүн бүр амралтын өдөр ордог, гардаг бүх эрсээ дагуулан тахилч Иехоиада уруу ирэв. 10Тахилч зуутын дарга нарт ЭЗЭНий өргөөн дэх, Давид хааны жад, бамбайнуудыг өгөв. 11Харуулын хүн бүр гартаа зэвсгээ бариад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар зогсоцгоов. 12Үүний дараа Иехоиада хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгөв. Тэд түүнийг хаан болгон тосолж, алга ташин,
-Хаан мөнх наслаг! гэцгээв.
13Аталиа харуулын болон хүмүүсийн дуу чимээг сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж ирэв. 14Түүнийг харахад, хаан заншил ёсоор баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад,
-Тэрслэлт! Тэрслэлт! гэж хашхирав. 15Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарт тушаан, тэдэнд
-Тэр эмийг хүрээний дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун хэмээв. Учир нь тахилч “Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун” гэжээ. 16Ингээд тэд түүнийг баривчлан, түүнийг хааны гэрийн морьдын орох үүд уруу ирэхэд нь тэнд цаазлав.
17Дараа нь Иехоиада ЭЗЭН, хаан болон ард түмний хооронд тэд ЭЗЭНий ард түмэн болно гэсэн гэрээ байгуулан, мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ. 18Тэр газрын бүх ард түмэн Баалын дуган уруу очин, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав. Тахилч ЭЗЭНий өргөөг хариуцуулан түшмэдийг томилов. 19Тэрээр зуутын дарга, каричууд, хамгаалагчид болон тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс аваад, хамгаалагчдын дааман хаалганы замаар хааны ордонд ирэв. Тэрээр хаадын сэнтийд заларчээ. 20Ингээд тэр газрын бүх ард түмэн баярлалдан хөөрч, хот нам гүм байв. Учир нь тэд Аталиаг хааны ордонд илдээр цавчин алсан билээ.
21Иехоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байлаа.