18 1Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн гурав дахь жилд Иудагийн хаан Ахазын хүү Хезекиа нь хаан болов. 2Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчлав. Түүний эхийг Зехариагийн охин Аби гэдэг байв. 3Тэр өөрийн өвөг эцэг Давидын хийсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. 4Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, ариун баганануудыг хэмхлэн, Ашерагийн шонгуудыг цавчин хаяжээ. Тэр бас Мосегийн хийсэн зэс могойг жижиглэн буталжээ. Учир нь тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд тэрхүү зэс могойд утлага уугиулж байсан юм. Тэр нь Нехуштан гэгддэг байв. 5Тэрээр Израилийн Бурхан болох ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм. 6Учир нь тэрээр ЭЗЭНээс зуурч байв. Тэрээр Түүнийг дагахаа болилгүй, харин ЭЗЭНий Мосед тушаасан тушаалуудыг сахижээ. 7ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа амжилт олж байв. Тэрээр Ассирийн хааны эсрэг тэрслэн, түүнд үйлчилсэнгүй. 8Тэрээр Газ болон түүний газар нутгийг хүртэл, харуулын цамхгаас эхлэн бэхлэгдсэн хотыг хүртэл филистчүүдийг ялав.
9Хезекиа хааны дөрөв дэх жил буюу Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн долоо дахь жилд Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, түүнийг бүслэн авав. 10Гурав дахь жилийн шувтаргаар тэд уг хотыг эзлэв. Хезекиагийн зургаа дахь жил буюу Израилийн хаан Хошеагийн ес дэх жилд Самари эзлэгджээ. 11Тэгээд Ассирийн хаан израильчуудыг цөллөгт авч явж, тэднийг Хала болон Гозаны гол Хаборт, мөн Медегийн хотуудад суурьшуулжээ. 12Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.
13Хезекиа хааны арван дөрөв дэх жилд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав. 14Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн, “Би буруутай. Надаас холдооч. Та над дээр юу ч тавьсан би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан Иудагийн хаан Хезекиагаас гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг шаарджээ. 15Хезекиа түүнд ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ. 16Тэр үед Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалгануудаас болон өөрийн бүрүүлсэн босгонуудаас алтыг нь хуулж, Ассирийн хаанд өгөв.
17Дараа нь Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд явсаар ирээд, угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо. 18Тэд хааныг дуудахад, Хилкиагийн хөвгүүн ордны даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хөвгүүн хэрэг хөтлөгч Иоа нар тэдэн уруу гарч очив. 19Рабшаке тэдэнд
-Одоо Хезекиад хэл. “Агуу хаан болох Ассирийн хаан ийн хэлж байна. “Чамд байгаа энэ итгэл юу юм бэ? 20Чи хэлэхдээ (гэвч эдгээр нь зөвхөн хоосон үгс юм) “Дайтахын тулд надад зөвлөгөө болон хүч бий” гэдэг билээ. Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлсэн бэ? 21Одоо харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдэд ингэж ханддаг. 22Харин чи надад “Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд итгэдэг” гэж хэлж байгаа юм бол, тэр чинь Хезекиагийн “Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда болон Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү? 23Тийм учраас одоо ирж, миний эзэн Ассирийн хаантай наймаа хий. Хэрвээ чи өөрөөсөө хангалттай хүмүүсийг гаргаж чадах юм бол би чамд тэдний унах хоёр мянган морийг өгье. 24Тэгвэл чи миний эзний боолуудын дотроос хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ? 25ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр энэ газрыг устгахаар би довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад “Энэ газрын эсрэг явж, устга” гэж айлдсан билээ”” гэв.
26Тэгэхэд Хилкиагийн хүү Елиаким болон Шебна, Иоа нар Рабшакед хандан
-Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв. 27Харин Рабшаке тэдэнд
-Эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд миний эзэн намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв. 28Тэгээд Рабшаке босож зогсон иудей хэлээр чанга дуугаар
-Агуу хаан болон Ассирийн хааны үгсийг сонсогтун. 29Хаан ийн хэлж байна. “Хезекиад бүү мэхлэгдэгтүн. Учир нь тэр та нарыг миний гараас аварч чадахгүй. 30Хезекиа та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн тулд “ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй” гэж буй ятгалгад бүү ор. 31Хезекиаг бүү сонс. Ассирийн хаан ингэж өгүүлж байна. “Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа. 32Дараа нь би ирж, та нарыг танай төрөлх нутаг шиг үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт аваачна. Ингэснээр та нар амьдарч, үхэхгүй” гэв. Харин Хезекиа та нарыг мэхлэн, “ЭЗЭН биднийг аварна” гэж байхад түүнийг бүү сонс. 33Улс үндэстнүүдийн бурхдын дунд Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу? 34Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваим, Хена, Иввагийн бурхад хаана байна? Тэд Самарийг миний гараас аварсан гэж үү? 35Газруудын бүх бурхдын дотроос хэн нь миний гараас газар нутгаа аварсан юм бэ? Тэгэхэд ЭЗЭН миний гараас Иерусалимыг аварна гэж үү?” гэв. 36Гэвч хүмүүс чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан “Түүнд бүү хариулагтун” гэж тушаасан байлаа. 37Тэгээд Хилкиагийн хүү ордны даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хүү хэрэг хөтлөгч Иоа нар уранхай хувцастайгаа Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.