8 1Уруулдаа бүрээг ойртуул!
Тэд Миний гэрээг зөрчиж, Миний хуулиас урвасан учир ЭЗЭНий гэрийн эсрэг дайснууд бүргэд мэт ирж байна.
2Тэд Над уруу “Миний Бурхан, Израилийнх болох бид Таныг мэднэ” гэж хашхирч байна.
3Израиль нь сайнаас татгалзсан. Дайсан тэднийг хөөх болно.
4Тэд хаадыг залсан ч Надаас гарсангүй.
Тэд ноёдыг томилсон ч, Би үүнийг мэдсэнгүй.
Өөрсдийн мөнгө, алтаар өөрсдөдөө зориулж шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.
5Самари аа, Тэр та нарын тугалыг хүлээн зөвшөөрөхгүй,
“Миний уур тэдний эсрэг шатна” хэмээсэн.
Тэд хэдий хүртэл ариусах чадваргүй байх вэ?
6Энэ нь хүртэл Израилиас гарсан билээ!
Дархан үүнийг хийсэн болохоор энэ бол Бурхан биш.
Үнэхээр Самарийн тугал нь бутран эвдрэх болно.
7Учир нь салхийг тарьдаг тэд хуй салхийг хурааж авдаг.
Босоо тариа нь ямар ч түрүүгүй. Энэ нь буудайг боловсруулж чаддаггүй.
Боловсруулсан ч харийнхан түүнийг нь залгих болно.
8Израиль нь залгигдлаа.
Тэд одоо хэнд ч таалагддаггүй сав мэт үндэстнүүдийн дунд байна.
9Учир нь тэд орь ганц хулан мэт, Ассири уруу явжээ.
Ефраим нууц амрагуудыг хөлсөлжээ.
10Хэдийгээр тэд үндэстнүүдийн дунд биеэ худалдсан боловч,
одоо Би тэднийг цуглуулах болно.
Ноёдын хааны дарлалаас болж тэд багасаж эхлэх болно.
11Ефраим нь нүглийн төлөөх тахилын ширээнүүдийг олшруулсан тул
тэдгээр нь түүний төлөөх нүгэл үйлдэхийн тахилын ширээнүүд болжээ.
12Түүний төлөө Би Өөрийн хуулийн арван мянган заавруудыг бичиж өгсөн боловч
тэдгээр нь гаднын зүйлс мэт тооцогджээ.
13Миний өргөлийн бэлгүүдийн хувьд гэвэл, тэд махыг тахиж, түүнийгээ иддэг.
Гэвч ЭЗЭН түүнд нь ер баярлахгүй.
Одоо Тэр тэдний хууль бус явдлыг санаж, нүглийнх нь төлөө тэднийг шийтгэх болно.
Тэд Египет уруу буцан явна.
14Учир нь Израиль өөрийн Бүтээгчийг мартаж, орднуудыг барьж байгуулсан.
Иуда ч бэхлэгдсэн хотуудыг олшруулсан боловч,
Би түүний хотууд уруу галыг илгээх болно.
Тэр гал нь түүний тансаг орон байруудыг түймэрдэх болно.