13 1Ефраимыг ярихад хүмүүс чичирч байв.
Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн боловч Баалыг шүтсэнээр тэрээр бурууг үйлдэж үхсэн юм.
2Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж,
өөрсдөдөө зориулан мөнгөөр цутгамал хөргүүдийг хийдэг.
Чадварлаг урласан шүтээнүүд дархдын гар урлал байх боловч
Тэд тэдэнд “Тахил өргөж байгаа хүн тугалуудыг үнсэг” гэжээ.
3Тэгэхээр тэд өглөөний манан шиг,
удахгүй алга болдог шүүдэр шиг,
үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг, яндангаас гарах утаа шиг байх юм.
4Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсаар байсан.
Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдээгүй байсан.
Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.
5Цөлд, ган гачигтай газарт Би чамайг халамжилсан.
6Өөрийн бэлчээртэй болмогц тэд цатгалан болсон.
Цатгалан болмогц тэдний зүрх бардам болжээ.
Тийм учраас тэд Намайг мартсан.
7Тиймээс Би тэдэнд арслан шиг хандах болно.
Ирвэс шиг Би замын хажууд отох болно.
8Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч,
тэдний цээжийг нь яран тастах болно.
Зэрлэг араатан тэднийг тастчихтай адил тэнд Би бас эм арслан мэт тэднийг залгина.
9Израиль аа, чи Миний эсрэг, өөрийнхөө тусламжийн эсрэг байгаа нь чиний сүйрэл билээ.
10“Надад хаан ба ноёдыг өгөөч” хэмээн чи хүсэмжилсэн. Чиний бүх хотод чамайг аврах чиний хаан хаана байна вэ? Шүүгчид чинь одоо хаана байна вэ?
11Би Өөрийн уур дотор чамд хааныг өгсөн ба Өөрийн хилэн дотор түүнийг буцаан авсан.
12Ефраимын хууль бус явдал нь хязгаарлагдаж, нүгэл нь хадгалагджээ.
13Хүүхэд төрүүлэхийн өвдөлт түүн дээр иржээ.
Тэрээр ухаантай хүү биш юм.
Учир нь умай нээгдэж байхад түүний саатах цаг нь биш билээ.
14Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу?
Би тэднийг үхлээс золих уу?
Үхэл ээ, чиний өргөсүүд хаана байна вэ?
Үхэгсдийн орон оо, чиний хатгуур хаана байна вэ?
Миний харцнаас энэрэл нууцлагдах болно.
15Тэр хулсан дунд цэцэглэн хөгжсөн ч дорнын салхи салхилж,
ЭЗЭНий салхи цөлөөс ирж байна.
Түүний оргилуурууд нь ширгэж, булаг нь хатах болно.
Түүний бүх л үнэт эдлэлийн эрдэнэсийн санг хоосруулна.
16Самари Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир
Буруутайд тооцогдоно.
Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх бяцлагдаж,
жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчигдэх болно.