12 1Ефраим салхиар хооллон, үргэлж дорнын салхийг мөшгөдөг.
Тэр заль мэх ба хүчирхийллийг олшруулна.
Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөж байна.
2ЭЗЭН бас Иудатай маргалдаж, Иаковыг өөрийнх нь замуудын дагуу шийтгэнэ.
Тэр түүний үйлдлүүдийн дагуу түүнд эргүүлэн төлөх болно.
3Хэвлийд байхдаа тэр ахыгаа өсгийнөөс нь барьж,
өсөн том болсны дараа Бурхантай тэмцэлдсэн.
4Тийм ээ, тэр тэнгэр элчтэй барилдан ноёрхсон.
Тэрээр уйлан Түүний тааллыг хайсан.
Тэр Түүнийг Бетелд олоод тэнд Тэр бидэнтэй ярьсан.
5Тэр нь ЭЗЭН, түмэн цэргийн Бурхан юм.
Түүний нэр бол ЭЗЭН билээ.
6Тийм учраас өөрийн Бурхан уруу буц,
энэрэл ба шударга ёсыг сахиж, үргэлж Бурханаа хүлээ.
7Гартаа хуурамч жинлүүр атгасан худалдаачин нь дарлах дуртай.
8Ефраим нь “Үнэхээр би баян болсон. Би өөрийнхөө төлөө эд баялгийг олсон.
Миний бүх хөдөлмөр дотор нүгэл хэмээн тооцогдохоор ямар ч хууль бус зүйлийг тэд надаас олохгүй” гэсэн.
9Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсан.
Товлогдсон найр наадмуудын өдрүүдийнх шиг Би та нарыг дахин майхнуудад амьдруулах болно.
10Би бас эш үзүүлэгчдэд айлдан, үзэгдлүүдийг олшруулсан.
Эш үзүүлэгчдээр дамжуулан Би сургаалт зүйрлэлүүдийг өгсөн.
11Гилеадад хууль бус явдал байна уу?
Үнэхээр тэд зохисгүй юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна.
Тийм ээ, тэдний тахилын ширээнүүд нь тариан талбайн шангуудын хажуу дахь чулуун овоонууд шиг юм.
12Одоо Иаков нь Арамын нутаг уруу зугтаж,
Израиль эхнэрийнхээ төлөө ажилласан, эхнэрийнхээ төлөө хонин сүргийг манасан.
13Харин эш үзүүлэгчээр дамжуулан ЭЗЭН Израилийг Египетээс гаргаж,
эш үзүүлэгчээр дамжуулан тэрээр хамгаалагдсан.
14Ефраим нь гашуун уур хилэнг өдөөн хатгасан.
Тиймээс Эзэн нь түүний цусны бурууг өөр дээр нь орхиж,
түүний зэмлэлийг өөрт нь буцаан өгнө.