8 1Соломон ЭЗЭНий өргөө болон өөрийн гэрийг барьсан хорин жилийн төгсгөлд 2Хурамын өөрт нь өгсөн хотуудыг тэрээр барьж босгон, Израилийн хөвгүүдийг тэнд суурьшуулав. 3Дараа нь Соломон Хамат-зоба уруу явж, түүнийг эзлэв. 4Тэр Тадморыг цөлд босгож, Хаматад бүх нөөц хангамжийн хотуудыг барив. 5Тэрээр бас дээд, доод Бет-хорон болон хана, хэрэм, түгжээ бүхий бэхлэгдсэн хотуудыг босгов. 6Баалатыг, Соломонд харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотуудыг, тэрэгтэнгүүд болон морьтонгуудын хотуудыг, мөн Иерусалимд ч, Ливанд ч, өөрт нь захирагдах бүх нутагт байгуулахаар Соломоны таалалд нийцсэн бүгдийг барьж босголоо.
7Израилийнх бус буюу хитчүүд, аморичууд, перезчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн бүх хүмүүс 8тухайлбал, Израилийн хөвгүүдийн устгалгүй тэр нутагт үлдээсэн хүмүүсийн үр садыг Соломон энэ өдрийг хүртэл албадлагын ажилчид болгожээ. 9Харин Соломон Израилийн хөвгүүдээс өөрийн ажилдаа боол болгоогүй. Тэд дайчид, түүний тэргүүн ахмадууд, түүний тэрэг, морьтонгуудын жанжид байжээ. 10Эдгээр нь Соломон хааны хоёр зуун тавин түшмэл байв. Тэд ард түмнийг захирдаг байлаа.
11Дараа нь Соломон Давидын хотоос Фараоны охиныг өөрт нь зориулан босгосон гэрт авчрав. Учир нь Соломон “Миний эхнэр Израилийн хаан Давидын гэрт заларч болохгүй. Яагаад гэвэл ЭЗЭНий авдар орсон газар бол ариун газар юм” хэмээв.
12Үүдний танхимийн урд талд өөрөө босгосон ЭЗЭНий тахилын ширээн дээр Соломон ЭЗЭНд зориулан шатаалт тахилуудыг өргөжээ. 13Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн хуулийн дагуу амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр болох Исгээгүй Талхны Баяр, Долоо хоногуудын Баяр, Майхан Баяруудын үед тахилуудыг өргөдөг байлаа.
14Давид эцгийнхээ тогтоосон журмын дагуу тэрээр үйлчлэлд нь тааруулан тахилч нарын бүлгүүдийг, мөн магтаалын үүрэг болон өдөр тутмын журмын дагуу тахилч нарт туслах зэрэгт левичүүдийг, мөн хаалгачдыг бүлгүүдээр нь хаалга бүр дээр томилов. Учир нь Бурханы хүн Давид ийн тушаасан юм. 15Левичүүд, тахилч нарт хандсан агуулахуудын талаарх болон бусад хэргийн талаарх хааны уг тушаалыг тэд зөрчсөнгүй.
16Ийнхүү ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан өдрөөс эхлээд барилгын ажил дуустал Соломоны бүх ажил явагдсаар байв. Ингэж ЭЗЭНий өргөө баригдаж дуусав.
17Дараа нь Соломон Езион-гебер болон Едомын нутаг дахь тэнгисийн эргийн Елот уруу явав. 18Хурам зарц нараараа дамжуулан хөлөг онгоцнууд болон далай сайн мэддэг зарц нараа Соломонд явуулав. Тэд Соломоны зарц нарын хамт Офир уруу явж, тэндээс дөрвөн зуун тавин талант алтыг авч, Соломон хаанд авчирсан юм.