11 1Рехобоам Иерусалимд ирээд, өөрийн хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн эсрэг дайтахаар Иуда, Бениамины гэрийнхнийг буюу зуун наян мянган дайчид болох шилмэл эрсийн цуглуулав. 2Гэвч Бурханы хүн Шемаиад ЭЗЭНий үг ирж,
3-Чи Иудагийн хаан болох Соломоны хүү Рехобоам болон Иуда, Бениамин дахь бүх израильчуудад хандан 4“ЭЗЭН ийнхүү айлдаж байна “Та нар явж, эсвэл өөрсдийн төрөл садангуудын эсрэг дайтах ёсгүй. Энэ зүйл Надаас учир хүн бүр өөр өөрсдийн гэр уруу харигтун” хэмээв” гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, Иеробоамын эсрэг хөдлөхөө болин буцацгаав.
5Рехобоам Иерусалимд амьдран, Иудад хамгаалалтын хотууд босгов. 6Ингээд тэрээр Бетлехем, Етам, Текоа, 7Бет-зур, Соко, Адуллам, 8Гат, Марешан, Зиф, 9Адораим, Лахиш, Азека, 10Зора, Аиалон, Хеброныг босгов. Эдгээр нь Иуда, Бениамин дахь бэхлэгдсэн хотууд юм. 11Тэр мөн бэхлэлтүүдийг хүчирхэгжүүлэн, тэдгээрийн дотор хүнс, тос, дарсны агуулахуудыг болон түшмэдийг байрлуулжээ. 12Тэрээр хот бүрийг бамбай, жаднуудаар ханган, асар ихээр хүчирхэгжүүлэв. Ийнхүү Иуда, Бениаминыг тэр барьж байлаа.
13Үүнээс гадна, бүх Израильд байсан тахилч нар болон левичүүд өөрсдийн бүх бүс нутгаас түүн уруу буцаж ирсэн. 14Левичүүд өөрсдийн бэлчээр нутаг, эзэмшлүүдээ орхин, Иуда болон Иерусалим уруу ирцгээв. Учир нь Иеробоам болон түүний хөвгүүд тэднийг ЭЗЭНд тахилчаар үйлчлэх үйлчлэлээс нь хасжээ. 15Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдэд болон өөрийн хийсэн ямаа, тугалын дүрснүүдэд зориулан хувийн тахилч нарыг бий болгов. 16Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНд тахил өргөхөөр тэднийг даган Иерусалимд ирцгээв. 17Тэд Иудагийн хаанчлалыг хүчирхэгжүүлэн, гурван жилийн турш Соломоны хүү Рехобоамыг дэмжив. Учир нь тэд гурван жил Давид болон Соломоны замаар замнасан юм.
18Дараа нь Рехобоам Давидын хүү Иеримотын охин, мөн Иессийн хүү Елиабын охин Абихаилын охин Махалатыг эхнэрээ болгов. 19Тэрээр түүнд хөвгүүд төрүүлж өгсөн нь Иеуш, Шемариа, Захам нар юм. 20Түүний дараа Рехобоам Абсаломын охин Маакаг авав. Тэрээр түүнд Абиа, Аттаи, Зиза, Шеломит нарыг төрүүлж өгчээ. 21Рехобоам бусад бүх эхнэр, татвар эмсээсээ илүүгээр Абсаломын охин Маакад хайртай байв. Рехобоам арван найман эхнэр, жаран татвар эмстэй байсан бөгөөд хорин найман хүү, жаран охидын эцэг болсон юм. 22Рехобоам Маакагийн хүү Абиаг ах дүүсийнх нь дунд тэргүүн болгон удирдагчаар томилсон бөгөөд түүнийг хаан болгох санаатай байлаа. 23Тэрээр мэргэн зүйл үйлдэн, хөвгүүдийнхээ заримыг Иуда болон Бениамины бүх нутаг дэвсгэр даяар бүх бэхлэгдсэн хотууд уруу тараан суулгаж, хоол хүнсийг нь хангалттайгаар өгчээ. Тэрээр хөвгүүддээ олон эхнэр хайж байлаа.