30 1Хезекиа бүх Израиль, Иуда уруу хүн илгээж, мөн Ефраим болон Манассе уруу захидал бичиж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэхээр Иерусалим дахь ЭЗЭНий өргөө уруу ирэхийг тэднээс хүсэв. 2Хаан, түүний ноёд болон Иерусалим дахь бүх чуулган Дээгүүр Өнгөрөх баярыг хоёрдугаар сард тэмдэглэхээр шийдсэний шалтгаан нь 3тахилч нар өөрсдийгөө хүрэлцэхүйц тоогоор ариусгаагүй, мөн хүмүүс ч Иерусалимд цуглараагүйгээс болж тэд уг баярыг тухайн үед тэмдэглэж чадаагүйтэй холбоотой юм. 4Ингэх нь хаан болон бүх чуулганы нүдэнд зөв хэмээн тооцогдов. 5Иймээс Израилийн Бурхан ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг Иерусалимд тэмдэглэхээр тэднийг ирүүлэх тунхгийг Беершебагаас Дан хүртэлх бүх Израиль даяар тараан зарлах зарлигийг тэд гаргав. Учир нь энд бичигдсэн шиг ийм олон тооны хүнтэйгээр тэд энэ баярыг тэмдэглэж байгаагүй билээ. 6Зарлагууд хааны тушаалын дагуу хаан болон түүний ноёдын гараас авсан захидлуудыг тээн бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН уруу эргэгтүн. Ингэвэл Ассирийн хаадын савраас зайлан, үлдсэн та нар уруу Тэр эргэнэ. 7Эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандаж байсан эцгүүд болон ах нар шигээ бүү бай. Та нарын харж байгаагаар Тэрээр тэднийг аймшигтай болгосон билээ. 8Өөрсдийн эцгүүд шиг хүзүүгээ бүү хатууруул, харин ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн уур та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн. 9Хэрэв та нар ЭЗЭН уруу буцаж ирвэл, та нарын ах дүүс болон хөвгүүд өөрсдийг нь олзлон явсан хүмүүсийн өмнө өршөөлийг олж, энэ нутагт буцаж ирэх болно. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өршөөнгүй бөгөөд та нар Түүн уруу буцаж ирвэл та нараас нүүрээ буруулахгүй” хэмээсэн. 10Зарлагууд Ефраим болон Манассегийн нутаг даяар, Зебулуны чанад хүртэл хотоос хот дамжин явсан боловч хүмүүс тэднийг жигшин инээлдэж, доромжилж байв. 11Хэдий тийм боловч Ашер, Манассе, Зебулуны зарим хүмүүс өөрсдийгөө даруу болгон, Иерусалимд ирцгээв. 12ЭЗЭНий үгээр хаан болон ноёдын тушаасныг гүйцэтгэх нэг зүрх сэтгэлийг тэдэнд өгөхийн тулд Бурханы мутар Иудагийн дээр бас байв.
13Хоёрдугаар сард Исгээгүй Талхны Баярыг тэмдэглэхээр олон хүмүүс буюу асар том чуулган Иерусалимд цугларчээ. 14Тэд босоод, Иерусалимд байсан тахилын ширээнүүдийг зайлуулжээ. Тэд бас утлагын тахилын ширээнүүдийг холдуулан, Кидрон горхи уруу хаяв. 15Тэгээд хоёрдугаар сарын арван дөрвөнд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг нядлав. Тахилч нар болон левичүүд өөрсдөөсөө ичиж, өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий өргөөнд шатаалт тахилуудыг авчрав. 16Тэд Бурханы хүн Мосегийн хуулийн дагуу өөрсдийн ёсын дагуу өөрсдийн байр байрандаа зогсоцгоов. Тахилч нар левичүүдийн гараас хүлээн авсан цусыг цацжээ. 17Тэнд чуулганы дунд өөрсдийгөө ариусгаагүй олон хүн байсан учраас тэднийг ЭЗЭНд ариусгахын тулд бузар байсан хүн нэг бүрийн төлөө левичүүд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг нядлав. 18Ард түмний нэлээд нь буюу Ефраим, Манассе, Иссахар болон Зебулунаас ирсэн олон хүн өөрсдийгөө цэвэршүүлээгүй боловч Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг дээр бичигдсэнээс өөрөөр идэцгээж байв. Хезекиа тэдний төлөө залбиран,
-Сайн ЭЗЭН уучлаг. 19Хэдийгээр ариун газрын цэвэршүүлэлтийн журмын дагуу биш ч гэсэн эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭН болох Бурханыг эрэлхийлэхээр өөрийн зүрх сэтгэлийг бэлдэгч хүн бүрийг уучлаг гэв. 20Иймээс ЭЗЭН Хезекиаг сонсоод, ард түмнийг эдгээв. 21Иерусалимд байсан Израилийн хөвгүүд Исгээгүй Талхны Баярыг долоо хоногийн турш маш их баяр хөөртэйгээр тэмдэглэсэн бөгөөд левичүүд болон тахилч нар ЭЗЭНд чанга хөгжмөөр тоглож ЭЗЭНийг өдөр алгасалгүй магтав. 22ЭЗЭНий зүйлсэд саруул ойлголтоор хандагч бүх левичүүдэд Хезекиа урмын үгсийг хэлжээ. Ингээд тэд эвийн тахилуудыг өргөн, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд талархан товлосон долоон өдрийн турш идэцгээв.
23Тэгээд чуулган бүхэлдээ баярыг дахин долоо хоног тэмдэглэхээр шийдсэнээр тэд баяр хөөртэйгөөр дахин долоо хоног тэмдэглэцгээв. 24Учир нь Иудагийн хаан Хезекиа чуулганд зориулан мянган бух, долоон мянган хонийг хандивласан бөгөөд ноёд ч чуулганд зориулан мянган бух, арван мянган хонийг хандивласан билээ. Мөн асар олон тооны тахилч нар өөрсдийгөө ариусгав. 25Иудагийн бүх чуулган нь тахилч нар, левичүүд болон Израилиас ирсэн бүх чуулганы хамт, мөн Израиль газраас ирсэн болон Иудад амьдардаг харийнхны аль алинтай нь хамт баярлан хөөрцгөөжээ. 26Давидын хүү Израилийн хаан Соломоны өдрүүдээс хойш Иерусалимд үүнтэй адил юм болж байгаагүй учраас Иерусалимд асар их баяр хөөр болж байлаа. 27Дараа нь Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.