25 1Амазиа хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын хүн Иехоаддан гэдэг байв. 2Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн боловч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй. 3Хаанчлал түүний гарт чанга атгаастай болмогц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав. 4Харин тэдний хүүхдүүдийг тэр цаазлалгүй, ЭЗЭНий тушаасан Мосегийн номд буюу хуульд “Хөвгүүдээс болж эцгүүдийг нь алж болохгүй, мөн эцгүүдээс болж хөвгүүдийг нь ч алж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө л алагдах болой” гэж бичигдсэний дагуу үйлджээ.
5Үүнээс гадна, Амазиа иудачуудыг цуглуулан, тэднийг Иуда, Бениамин даяар эцгүүдийнх нь бүлүүдийн дагуу мянгат болон зуутын дарга нарт захируулав. Тэрээр хорь ба түүнээс дээш насны эрчүүдийн тооллого хийж, дайнд явах чадвартай, жад болон бамбай эзэмшсэн гурван зуун мянган шилдэг эрс болохыг нь олж мэдэв. 6Тэр бас Израилиас зуун мянган эрэлхэг дайчдыг зуун мөнгөн талантаар хөлслөн авав. 7Гэвч Бурханы хүн түүн уруу ирж,
-Өө, хаантан, Израилийн цэргийг өөртэйгөө хамт бүү явуулаач. Учир нь ЭЗЭН Израильтай буюу Ефраимын хөвгүүдийн хэнтэй нь ч хамт байдаггүй юм. 8Харин хэрвээ чи явбал, түүнийг үйлд, тулаанд хүчтэй бай. Гэсэн ч Бурхан дайсны өмнө чамайг дорд оруулна. Учир нь туслах болон дорд оруулах эрх Бурханд бий гэв. 9Амазиа Бурханы хүнд хандан
-Гэвч Израилийн цэргүүдэд миний өгсөн зуун талант мөнгийг бид яах вэ? гэсэнд Бурханы хүн хариулахдаа
-Чамд үүнээс хамаагүй их өгөх юм ЭЗЭНд бий гэв. 10Тэгээд Амазиа тэднийг буюу Ефраимаас түүн уруу ирсэн цэргүүдийг гэр уруугаа харихаар тараан явуулжээ. Үүнээс болж Иудагийн эсрэг тэдний уур дүрэлзэж, тэд уурандаа шатсаар гэртээ харьцгаав.
11Амазиа хүчирхэгжин, хүмүүсээ урагш удирдан, Давст Хөндий уруу хөдөлж, Сеирийн хөвгүүдээс арван мянган хүнийг алав. 12Иудагийн хөвгүүд бас арван мянган хүнийг амьдаар нь олзлон авч, тэднийг хадан цохионы орой уруу аваачаад, тэднийг бяцартал тэндээс доошоо чулуудав. 13Гэвч Амазиагийн өөртэйгөө хамт дайнд явахыг болиулаад буцаан илгээсэн цэргүүд Самариас Бет-хорон хүртэлх Иудагийн хотуудыг дээрэмдэж, гурван мянган хүнийг алж, маш их зүйлс олзлов.
14Амазиа едомчуудыг хядсаны дараа ирэхдээ Сеирийн хөвгүүдийн бурхдыг авчран, тэдгээрийг өөрийн бурхдаа болгож, тэдгээрийн өмнө мэхийн сөгдөж, тэдэнд утлага уугиулав. 15Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Амазиагийн эсрэг шатаж, Тэрээр түүнд эш үзүүлэгчийг илгээн,
-Чиний гараас өөрсдийн ард түмнээ авраагүй тэр хүмүүсийн бурхдыг чи юунд эрэлхийлсэн бэ? гэж хэлүүлэв. 16Түүнийг хаантай ярих зуур хаан түүнд
-Бид чамайг хааны зөвлөхөөр томилсон бил үү? Зогс! Яагаад чи алуулахаар юм хийж байгаа вэ? гэв. Эш үзүүлэгч зогсоод,
-Чи үүнийг үйлдэж, миний зөвлөгөөг сонсоогүй учраас Бурхан чамайг устгахаар төлөвлөснийг би мэднэ гэв.
17Тэгэхэд Иудагийн хаан Амазиа зөвлөгөөг хүлээн авч, Иехүгийн ач, Иехоахазын хүү Израилийн хаан Иоашт элч илгээн,
-Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя гэв. 18Израилийн хаан Иоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн,
-Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн, “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ. 19Чи хэлэхдээ “Харагтун, би Едомыг ялсан юм” гэв. Чиний зүрх ихэрхэл дотор бардам болжээ. Одоо гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв. 20Гэвч Амазиа сонссонгүй. Учир нь тэд Едомын бурхдыг эрэлхийлсэн тул Тэрээр тэднийг Иоашийн гарт оруулахын тулд Бурхан ийн үйлдсэн юм. 21Ингээд Израилийн хаан Иоаш хөдлөн, Иудад харьяалагдах Бет-шемешт Иудагийн хаан Амазиатай нүүр нүүрээрээ тулгарав. 22Иуда Израильд ялагдан, хүн бүр нь өөр өөрсдийн майхан уруу зугтаав. 23Тэгээд Израилийн хаан Иоаш Иехоахазын ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, түүнийг Иерусалимд авчран, Иерусалимын хэрмийг Ефраимын Дааман хаалганаас Булангийн Дааман хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав. 24Бурханы өргөөнд Обед-едомын халамжинд болон хааны гэрийн эрдэнэсийн санд байсан бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг тэр дээрэмдэж, мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ.
25Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа Иехоахазын хүү Израилийн хаан Иоашийг нас барсны дараа арван таван жил амьдрав. 26Амазиагийн бусад үйлс эхнийхээсээ сүүлийнх хүртлээ, харагтун, тэдгээр нь Иуда, Израилийн Хаадын Номд тэмдэглэгдээгүй гэж үү? 27ЭЗЭНийг дагахаас Амазиа эргэсэн цагаас эхлэн Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн, түүнийг тэнд алжээ. 28Тэгээд тэд шарилыг нь морин дээр авчирч, түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Иудагийн хотод оршуулсан билээ.