2 1Соломон ЭЗЭНий нэр алдарт зориулан сүм, өөртөө зориулан ордон босгохоор шийджээ. 2Иймээс тэр ачаа зөөх далан мянга, ууланд чулуу бэлтгэх наян мянга, тэднийг хянах гурван мянга зургаан зуун хүнийг томилов. 3Тэгээд Соломон Тирийн хаан Хирамд үг илгээн
-Та миний эцэг Давидтай нөхөрлөн, ордонгоо барихад нь зориулж хуш мод илгээж байсан шигээ надад ч мөн тэгж хандаач. 4Үзэгтүн, амралтын өдрүүд, шинэ сарны гэх мэт манай Бурхан ЭЗЭНий тогтоож өгсөн баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэртнийг уугиулж, үргэлжид ил тавих талхыг тавьж, өглөө оройны шатаалт тахилуудыг өргөх ёстой. Үүний тулд би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр дээр өргөө босгож, Түүнд зориулах гэсэн юм. Энэ бол Израилийн мөнхийн үүрэг. 5Манай Бурхан бүх бурхдаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх учиртай. 6Гэвч хэн Түүнд зориулан өргөө барьж чадах юм бэ? Учир нь тэнгэр болон дээд тэнгэр ч Түүнийг багтааж чадахгүй шүү дээ. Иймээс Түүний өмнө үнэртэн уугиулаад зогсохгүй, Түүнд өргөө барьж өгөх гэдэг би хэн юм бэ? 7Алт, мөнгө, хүрэл, төмөр болон улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бүс, зотонгоор юм хийх авъяастай, сийлбэрийн бүх төрөл, ямар ч загварын төсөл зургийг хэрхэн урлахыг мэддэг хүнийг над уруу илгээнэ үү? Тэр хүн чинь Иуда, Иерусалим дахь миний урчуудын хамт ажиллаг. Тэдгээр хүмүүсийг миний эцэг Давид бэлтгэсэн юм. 8Мөн Ливанаас хуш, агар, арц модод илгээнэ үү? Таны зарц нар Ливаны моддыг хэрхэн унагахаа мэднэ гэдгийг би ойлгож байгаа. Миний хүмүүс таны хүмүүстэй хамт ажиллаж 9надад их хэмжээгээр гуалин бэлтгэх болно. Учир нь миний барих гэж буй өргөө маш сүрлэг, гайхамшигтай болох ёстой. 10Харагтун, гуалин бэлтгэдэг модчингууд болох таны зарц нарт би тээрэмдсэн буудай хорин мянган корыг, арвай хорин мянган корыг, дарс дөрвөн зуун жаран батыг, тос дөрвөн зуун жаран батыг өгье хэмээв.
11Тирийн хаан Хурам Соломонд захидал илгээн хариулахдаа
-ЭЗЭН Өөрийн ард түмнээ хайрладаг учир Тэр чамайг тэдний хаан болгожээ гэв. 12Хурам цааш нь
-Тэнгэр, газрыг бүтээсэн ЭЗЭНд өргөөг, өөртөө хааны ордон барих гэж буй ухаалаг, хашир ухаантай энэ хүүг Давид хаанд заяасан Израилийн Бурхан болох ЭЗЭН магтагдах болтугай. 13Одоо би чадварлаг, ухаантай Хирам-аби хэмээх хүнийг илгээе. 14Тэрээр дан эмэгтэйн хөвгүүн бөгөөд эцэг нь тир хүн. Тэр хүн алт, мөнгө, хүрэл, төмөр, чулуу, мод болон хөх ягаан, хүрэн улаан, час улаан өнгийн бөс даавуу, маалинган даавуугаар юм хийх чадвартай, сийлбэрийн бүх төрөл, өөрт нь даалгасан ямар ч загварын зүйлийг хэрхэн урлахыг мэддэг юм. Түүнийг чи өөрийн урчуудтай болон миний эзэн, эцэг Давидынхаа хүмүүстэй хамт ажиллуул. 15Одоо миний эзэн амласнаараа буудай, арвай, тос, дарсыг өөрийн зарц нартаа илгээнэ үү. 16Бид танд хэрэгтэй ямар ч гуалинг Ливанаас тайран авч, тэднээр сал хийж тэнгисээр хөвүүлэн Иоппад хүргээд, та тэднийг Иерусалим уруу татан авна биз ээ хэмээв.
17Түүний эцэг Давидын хийсэн тооллогыг дагаад Соломон Израилийн нутагт байсан харь хүмүүсийг бүгдийг тоолсон бөгөөд зуун тавин гурван мянга зургаан зуун хүн байлаа. 18Соломон тэдний далан мянгыг нь ачаа зөөхөд, наян мянгыг нь ууланд чулуу бэлтгэхэд, мөн уг хүмүүсийг ажиллуулахаар гурван мянга зургаан зуун хянагчдыг томилов.