17 1Түүний хүү Иехошафат түүний оронд хаан болоод, Израильд өөрийн байр сууриа бат болгов. 2Тэрээр Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад цэргүүд тавьж, Иудагийн газарт болон эцэг Асагийнхаа эзлэн авсан Ефраимын хотуудад цэргийн ангиудыг байрлуулав. 3Иехошафат Баалд мөргөлгүй, өөрийн эцэг өвөг Давидын эртний өдрүүдийн жишээг дагаж байсан тул ЭЗЭН түүнтэй хамт байв. 4Харин тэрээр өөрийн эцгийн Бурханыг эрэлхийлэн, Түүний тушаалуудыг дагасан бөгөөд Израилийн адил үйлдээгүй юм. 5Иймээс ЭЗЭН хаанчлалыг түүний мэдэлд оруулж, бүх Иуда Иехошафатад алба гувчуур авчирсанд, тэрээр үлэмж баялаг, нэр хүндтэй байв. 6Тэрээр ЭЗЭНий замуудаар үлэмж бахархан, Иудагаас мөргөлийн өндөрлөгүүд болон Ашерагийн модон шонг дахин зайлуулсан юм.
7Дараа нь хаанчлалынхаа гурав дахь жилд өөрийнхөө түшмэд болох Иудагийн хотуудад заах Бен-хаил, Обадиа, Зехариа, Нетанел, Микаиа нарыг тэр илгээв. 8Мөн тэдний хамт левичүүдийг, мөн Шемаиа, Нетаниа, Зебадиа, Асахел, Шемирамот, Иехонатан, Адониа, Тобиа, Тобадониа гэх левичүүдийг, мөн тэдний хамт тахилч Елишама, Иехорам нарыг явуулав. 9Тэд ЭЗЭНий хуулийн номыг өөртөө авч яван, Иудад заажээ. Тэд Иудагийн бүх хотуудаар явж, ард түмний дунд заав.
10Иудагийн эргэн тойронд буй бүх улсын хаанчлалууд дээр ЭЗЭНий өгсөн айдас байсан бөгөөд тэд Иехошафатын эсрэг дайтсангүй. 11Филистчүүдийн зарим нь Иехошафатад алба татвар болгон мөнгө, бэлэг сэлт авчрав. Мөн арабууд түүнд долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун ямаатай сүрэг өгчээ. 12Иехошафат улам хүчирхэгжиж, Иудад бэхлэлт цайз болон нөөц хангамжийн хотуудыг барьж байгуулав. 13Түүнд Иудагийн хотуудад маш их хангамж, мөн Иерусалимд дайчин, зоригт эрс байлаа. 14Энэ нь тэдний эцгүүдийн бүлүүдийн дагуух тэдний жагсаал байв. Иудагаас мянгатын дарга Адна жанжин болж, түүнтэй хамт гурван зуун мянган эрэлхэг дайчид байв. 15Түүний дараах нь жанжин Иоханан болон түүнтэй хамт хоёр зуун наян мянган дайчид байв. 16Түүний дараах нь ЭЗЭНий төлөө сайн дураар гарсан, Зихрийн хүү Амасиа бөгөөд түүнтэй хамт хоёр зуун мянган эрэлхэг дайчид байв. 17Бениаминаас эрэлхэг дайчин Елиада бөгөөд түүнтэй хамт нум, бамбайгаар зэвсэглэгдсэн хоёр зуун мянган дайчид байв. 18Түүний дараах нь Иехозабад бөгөөд түүнтэй хамт дайнд зэвсэглэгдсэн зуун наян мянган дайчид байв. 19Эдгээр нь бүх Иуда даяар бэхлэгдсэн хотуудад хааны байрлуулсан хүмүүсээс гадна хаанд үйлчилсэн хүмүүс юм.