16 1Асагийн хаанчлалын гучин зургаа дахь жилд Израилийн хаан Бааша Иудаг довтлон ирж, Иудагийн хаан Асагийн газар уруу хэн боловч орж, гарахааргүй болохоор Рамад бэхлэлт босгов. 2Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны ордны эрдэнэсийн сангуудаас Аса алт, мөнгө авчруулан, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Бен-хададад илгээн,
3-Миний эцэг, таны эцэг нарын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач гэж уламжлуулав. 4Бен-хадад, Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор өөрийн цэргийн жанжнуудыг илгээн, Ион, Дан, Абел-маим болон Нафталийн бүх нөөц хангамжийн хотуудыг эзлэн авлаа. 5Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, ажлаа зогсоов. 6Ингэмэгц Аса хаан бүх иудачуудыг авчран, тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моднуудыг авч явав. Аса хаан түүгээр нь Геба, Мизпаг бэхлэв.
7Тэр үед үзмэрч Ханани Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд
-Чи өөрийн Бурхан ЭЗЭНд найдалгүй, Арамын хаанд найдсан учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ. 8Етиопчууд, лубчууд асар олон тэрэг, морьдтой агуу том цэрэг байгаагүй гэж үү? Хэдий тийм байсан ч, чи ЭЗЭНд найдсан учраас Тэрээр дайсныг чинь чиний гарт оруулсан юм. 9Учир нь Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Үнэнээр одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байх болно гэж хэлэв. 10Аса үзмэрчид уурлан, түүнийг шоронд хийв. Учир нь энэ явдлаас болж тэрээр түүнд хилэгнэсэн билээ. Мөн Аса яг тэр үед зарим хүмүүсийг хавчив.
11Асагийн үйлс эхнийхээсээ сүүлийнх хүртэл, харагтун, Израиль болон Иудагийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. 12Хаанчлалынхаа гучин ес дэх жилд Аса хөлдөө өвчтэй болжээ. Түүний өвчин хүнд байсан боловч өвчин дотроо ч хүртэл тэрээр ЭЗЭНийг хайлгүй, харин эмч нарт хандав. 13Аса хаанчлалынхаа дөчин нэг дэх жилд нас барж, эцэг өвгөдийнхөө хамт нойрсов. 14Тэд түүнийг өөрийнх нь булшинд оршууллаа. Тэр булшийг Аса өөртөө зориулан Давидын хотод ухуулсан юм. Тэд түүнийг сүрчиг хийгчдийн жороор найруулсан төрөл бүрийн үнэртэнгүүдээр дүүргэсэн амралтын газар хэвтүүлээд, түүнд зориулан асар том гал асаажээ.