4 1Дараа нь тэр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр хүрэл тахилын ширээ хийв. 2Тэр бас амсраас амсар хүртлээ арван тохой бөгөөд бөөрөнхий хэлбэртэй, таван тохой өндөр, тойргийн урт нь гучин тохой хэмжээтэй цутгамал төмрөн тэнгис хийжээ. 3Түүний дор болон бүх эргэн тойронд нь, тэнгисийг бүтнээр тойруулан арван тохойнд үхэр мэт дүрс байжээ. Үхрүүд хоёр эгнээгээр тэнгистэй хамт цутгагдаж хийгдсэн байв. 4Тэнгис арван хоёр үхрэн дээр байсан бөгөөд гурав нь хойт зүг уруу, гурав нь баруун зүг уруу, гурав нь өмнө зүг уруу, гурав нь зүүн зүг уруу харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв. 5Тэнгисийн хананы зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй, сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь гурван мянган бат байв. 6Тэр бас угаал үйлдэх арван сав хийгээд, шатаалт тахилд хэрэглэх зүйлсийг угааж зайлахын тулд тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулжээ. Харин тэнгис нь угаал үйлдэхээр тахилч нарт зориулагдсан байв.
7Дараа нь зааварлагдсаных нь дагуу тэр арван алтан дэнлүүний суурь хийж, тэдгээрийг сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав. 8Тэр бас арван ширээ хийгээд тэднийгээ сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав. Тэрээр зуун алтан хул аяга хийжээ. 9Тэгээд тэр тахилч нарын хашаа, их хашаа болон хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийн хаалгуудыг хүрлээр бүрэв. 10Тэрээр тэнгисийг өргөөний баруун талд, зүүн урд зүг уруу чиглүүлэн байрлуулав.
11Хурам бас угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Бурханы өргөөнд Соломон хааны төлөө хийсэн ажлуудыг Хурам дуусгалаа. Үүнд: 12хос багана, тэдгээрийн оройд суулгасан хул хэлбэртэй баганын хоёр толгой, баганануудын оройд буй баганын толгойнуудыг халхлах хоёр унжлага, 13хоёр унжлагад зориулсан дөрвөн зуун сэмбэрүү буюу баганануудын оройд буй хул хэлбэртэй баганын толгойг халхлах унжлага бүрд хоёр эгнээ сэмбэрүү зэрэг нь байв. 14Тэр бас тавиурууд, тавиурууд дээр угаалгын сав, 15мөн доороо арван хоёр үхэртэй нэг тэнгис хийв. 16ЭЗЭНий өргөөнд, Соломон хаанд зориулан угаалгын сав, утгуур, сэрээ зэргийг Хурам-аби өнгөлсөн хүрлээр хийсэн юм. 17Хаан эдгээр эд зүйлийг Суккот ба Заретаны хоорондох шаварлаг хөрстэй Иорданы хөндийд цутгаж хийв. 18Ийнхүү Соломон эдгээр бүх эд хэрэглэлийг асар ихээр хийсэн учир хүрлийн жинг тооцоолох аргагүй байжээ.
19Соломон бас Бурханы өргөөнд байсан бүх зүйлийг хийсэн бөгөөд алтан тахилын ширээ, дээрээ Оршихуйн талхтай ширээнүүд, 20зааварлагдсаны дагуу дотоод ариун газрын өмнө асаах дэнлүүний сууриудыг шижир алтан дэнлүүнүүдийнх нь хамтаар, 21шижир алтан цэцгүүд, дэнлүүнүүд, бахинууд, 22шижир алтан чимхүүр, хул аяганууд, галын хорго болон бойпорууд, мөн өргөөний орох үүд, ариунаас ариун газарт орох дотоод хаалгануудыг нь, мөн өргөө буюу гол танхимын хаалгануудыг алтаар хийсэн билээ.