9 1Би эрх чөлөөтэй биш гэж үү? Би элч биш гэж үү? Би бидний Эзэн Есүсийг хараагүй гэж үү? Та нар Эзэн доторх миний ажил биш гэж үү? 2Хэрэв би бусдад элч биш байлаа гэхэд та нарын хувьд бол элч мөн. Учир нь та нар бол Эзэн доторх элчийн үүргийн минь тамга юм.
3Намайг шалгадаг хүмүүст хандах миний өмгөөлөл нь ийм юм. 4Идэж, уух эрх бидэнд байхгүй гэж үү? 5Бусад элч нар болон Эзэний дүү нар, Кеф шиг эгч дүү болох эхнэрээ дагуулах эрх бидэнд байхгүй гэж үү? 6Эсвэл ажлаа орхих эрх зөвхөн Барнаб бид хоёрт байхгүй юм уу? 7Өөрийнхөө хөлсөөр цэрэг мэт ямар ч цагт үйлчилдэг хэн байна вэ? Усан үзмийн талбай байгуулаад, жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ? 8Эдгээр зүйлийг би хүний ёсоор ярьж байна уу? Хууль ч гэсэн эдгээр зүйлийг хэлдэггүй гэж үү? 9Учир нь Мосегийн Хуульд “Тариа цайруулж буй үхрийн аманд хошуувч бүү хий” гэж бичсэн байдаг. Бурхан үхэрт санаа тавьдаг юм уу? 10Тэр үүнийг бүхэлд нь бидний төлөө айлдсан уу? Тийм ээ, энэ нь бидний төлөө бичигдсэн юм. Тэгэхлээр газар хагалагч найдлага дотор хагалж, цайруулагч найдлага дотор цайруулж хувиа хүртэх ёстой аж. 11Хэрэв бид та нарт сүнслэг зүйлсийг тариад та нараас бид махан биеийн юмсыг хураасан бол энэ нь дэндүү их байна уу? 12Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй байдаг юм бол бид тэднээс ч илүү байх ёстой бус уу?
Хэдий тийм боловч, бид энэ эрхээ ашиглаагүй. Харин үүний оронд бид өөрсдөө Христийн сайн мэдээнд ямар ч саад тотгор учруулахгүйн тулд бүх юмсыг тэвчдэг. 13Ариун үйлчлэлийг гүйцэтгэгчид сүмээс хооллодгийг болон тахил өргөхөд оролцогчид тахилын ширээн дээрхээс хувиа хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? 14Түүнчлэн сайн мэдээг тунхаглагчид сайн мэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ. 15Харин би энэ бүхнээс юуг ч ашиглаагүй. Намайг тийм байлгахын тулд эдгээрийг бичээгүй. Учир нь миний бахархлыг хэн нэг нь хоосон хүчингүй болгосноос миний хувьд үхсэн нь дээр юм. 16Учир нь хэрэв би сайн мэдээг тунхаглавал үүнд сайрхах юм надад юу ч алга. Яагаад гэвэл би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог. 17Хэрэв би үүнийг сайн дураараа хийвэл шагнал хүртэнэ. Гэвч хэрэв миний хүслийн эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм. 18Тэгвэл миний шагнал юу вэ? Сайн мэдээг тунхаглахдаа би төлбөргүйгээр сайн мэдээг өгч, ингэснээрээ сайн мэдээн дотор өөрийн эрхээ бүрэн дүүрнээр ашиглахгүй байх явдал юм.
19Учир нь би бүхнээс чөлөөтэй атлаа илүү олныг талдаа оруулахын тулд өөрийгөө бүгдэд боол болгов. 20Иудейчүүдийг талдаа оруулахын тулд би иудейчүүдэд Иудей хүн адил, Хуулийн дор байгсдыг талдаа оруулахын тулд би өөрөө Хуулийн дор байдаггүй атлаа Хуулийн дор байгсдад Хуулийн дор байгч мэт, 21хуульгүй хүмүүсийг талдаа оруулахын тулд би Бурханы хуульгүй байгаа бус, харин Христийн хууль дор байдаг атлаа, хуульгүй хүмүүст хуульгүй хүн адил, 22мөхөс хүмүүсийг талдаа оруулахын тулд би мөхөс хүмүүст мөхөс хүн адил болсон юм. Яалаа ч гэсэн заримыг нь аврахын тулд бүх хүнд би бүх юм болж байлаа. 23Би сайн мэдээний хамсаатан болохын тулд сайн мэдээний төлөө бүх юмсыг хийдэг.
24Уралдаанд оролцон гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ. 25Тэмцээнд өрсөлдөгч хүн бүр бүх талаараа биеэ барих чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж. Тэд муудах титмийг хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм. 26Тиймээс би ямар ч зорилгогүй мэт гүйдэг бус, зангидсан гараараа агаар цохих мэт нударгалдаг бус, 27харин бусдад сайн мэдээг тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ биеэ зовоож өөрийнхөө боол болгодог.