8 1Шүтээнүүдэд өргөсөн тахилын тухайд гэвэл бид цөмөөрөө мэдлэгтэй гэдгийг бид мэднэ. Мэдлэг ихэрхэг болгодог, харин хайр сургамжилдаг аж. 2Хэрэв хэн нэгэн хүн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэр хүн мэдэх ёстойгоо мэдээгүй л байна. 3Харин хэрэв хүн Бурханд хайртай бол тэр хүн Түүгээр танигдсан байна. 4Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнцөд шүтээн гэдэг нь байдаггүй бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ. 5Хэдийгээр тэнгэрт болон газарт бурхад хэмээгдэгчид нь байдаг бөгөөд тиймээс олон бурхад ба олон эзэд байдаг хэмээсэн ч гэсэн, 6бидний хувьд ганц Бурхан, Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр байгаа бөгөөд бид ч Түүгээр байгаа юм.
7Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй ажээ. Зарим хүмүүс өнөөг хүртэл шүтээнд дассан учир шүтээнд өргөсөн тахил гэж бодож идсэнээрээ өөрсдийнхөө мөхөс мөс чанарыг бузарладаг ажээ. 8Харин идэх юм биднийг Бурханд аваачихгүй. Бид идлээ ч дээрдэхгүй, идээгүй ч дордохгүй. 9Харин та нарын энэ эрх мөхөс хүмүүст бүдрүүлэх чулуу болох вий гэдэгт санаа тавь. 10Учир нь мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэрэв мөхөс нэгэн харвал, шүтээнд тахигдсан юмсыг идье хэмээн түүний мөс чанар нь зоригжих бус уу? 11Иймд мөхөс ах дүү чинь чиний мэдлэгээс болж үрэгдэж байна. Түүний төлөө л Христ үхсэн юм шүү. 12Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл хийж, тэдний мөхөс мөс чанарыг шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл хийж байгаа юм. 13Тиймээс хэрэв идэх юм миний ах дүүг бүдрүүлэх шалтаг болбол ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй.