14 1Та нар хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг авахыг хүсэж тэмүүл. Ялангуяа эш үзүүлэх бэлгийг хүс. 2Хэлээр ярьдаг хүн хүмүүст бус, харин Бурханд хандаж ярьдаг. Учир нь тэр хүн сүнс дотор нууцуудыг ярьдаг боловч ямар ч хүн ойлгодоггүй ажээ. 3Харин эш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулахын тулд хүмүүст хандаж ярьдаг. 4Хэлээр ярьдаг хүн өөрийгөө босгон байгуулдаг бол эш үзүүлдэг хүн чуулганыг босгон байгуулдаг аж. 5Би та бүхнийг хэлээр яриасай гэж хүсдэг ч, эш үзүүлэхийг чинь бүр ч илүү хүсдэг. Ярьснаа тайлбарлахгүй л бол хэлээр ярьдаг хүнээс эш үзүүлдэг хүн нь илүү агуу юм. Ингэснээр чуулган нь босгон байгуулагдах юм. 6Ах дүү нар аа, хэрэв би та нар уруу очиж хэлээр ярилаа гэхэд илчлэлт, эсвэл мэдлэг, эсвэл эш үзүүллэг, эсвэл сургаалаар ярихгүй л бол та нарт ямар тус болох билээ? 7Амьгүй атлаа дуу гаргагч бишгүүр ба босоо ятгын аль аль нь хэрэв ялгагдах дуу гаргахгүй бол бишгүүрээр, эсвэл ятгаар юу тоглосныг яаж мэдэх вэ? 8Хэрэв бүрээ тодорхой дуугарахгүй бол хэн тулалдаанд бэлдэх вэ? 9Түүнчлэн хэрэв та нар хэлээр ярихдаа тодорхой үгийг өгөхгүй бол ярьж байгаа чинь хэрхэн ойлгогдох юм бэ? Агаарт ярьж буй хэрэг болно. 10Ертөнцөд олон янзын хэл байдаг байх. Утгагүй хэл нэг ч байхгүй юм. 11Иймээс хэрэв би тухайн хэлний утгыг мэдэхгүй бол ярилцагч хүнийхээ хувьд би харь хүн болж, миний хувьд ярилцагч маань харь хүн болно. 12Тэрчлэн та нар сүнслэг зүйлсэд хүсэн тэмүүлдэг хүмүүс учир чуулганы босгон байгуулалтын төлөө тэдгээрийн бялхалтыг эрж хай. 13Тиймд хэлээр яригч хүн тайлбарлахын тулд залбираг. 14Учир нь хэрэв би хэлээр залбирвал миний сүнс залбирдаг бөгөөд харин миний ухаанд үр жимс үгүй юм. 15Тэгвэл яах вэ? Би сүнсээр залбирах болно. Би бас ухаанаар залбирах болно. Би сүнсээр дуулах болно. Би бас ухаанаар дуулах болно. 16Эс бөгөөс хэрэв та нар сүнс дотор ерөөвөл билэг авъяасгүй нэг чинь та нарын талархалд “Амен” гэж яаж хэлэх вэ? Та нарын юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй. 17Учир нь чи талархлаа сайн илэрхийлдэг байж болох ч бусад нь байгуулагдахгүй. 18Би та бүгдээс ч илүүгээр хэлээр ярьдаг тул Бурханд талархдаг. 19Чуулган дотор хэлээр түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд чуулган дотор ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг.
20Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир хүүхэд болж, харин ухаанаараа төлөвшсөн хүн бай. 21Хуульд “”Би харь хэлээр болон харь хүмүүсийн амаар дамжуулж энэ хүмүүст ярина. Тэгсэн ч тэд Намайг сонсохгүй” гэж Эзэн айлдаж байна” гэж бичигдсэн байдаг. 22Тиймээс хэлүүд нь итгэдэг хүмүүсийн төлөө бус, харин итгэдэггүй хүмүүсийн төлөөх тэмдэг болдог аж. Харин эш үзүүллэг нь итгэдэггүй хүмүүсийн төлөө бус, харин итгэдэг хүмүүсийн төлөө байдаг. 23Тиймээс хэрэв чуулган бүрэн бүтнээрээ хамтдаа цуглаад, бүгд хэлүүдээр яривал бэлэг авъяасгүй хүн, эсвэл итгэдэггүй хүмүүс орж ирвэл тэд та нарыг галзуу гэж хэлэхгүй гэж үү? 24Хэрэв та нар бүгд эш үзүүлбэл, итгэдэггүй эсвэл бэлэг авъяасгүй хүн орж ирвэл тэрээр бүхнээр яллагдан, бүхнээр шүүгдэх бөгөөд 25түүний зүрхний нууцууд нь илэрхий болгогдоно. Ийнхүү тэр хүн Бурханы үнэхээр та нарын дунд байгааг зарлан нүүрээрээ унаж, Бурханд мөргөнө.
26Ах дүү нар аа, тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тус бүрд дуулал, сургаал, илчлэлт, хэлээр ярих ба тайлбарлах нь байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг. 27Хэрэв хэн нэгэн хүн хэлээр яривал, нэг удаа хоёроос илүүгүй эсвэл хамгийн ихдээ гурван хүн ээлжлэн ярьж, нэг нь тайлбарлаг. 28Хэрэв тайлбарлах хүн байхгүй бол тэр хүн чуулган дунд чимээгүй байж, өөртөө болон Бурханд яриг. 29Хоёр эсвэл гурван эш үзүүлэгч ярьж, бусад нь шүүг. 30Хэрэв сууж байсан өөр хүнд илчлэлт ирвэл эхний хүн чимээгүй бол. 31Учир нь бүгд суралцан, урамшуулагдсан байхын тулд та нар бүгд нэг нэгээрээ эш үзүүлцгээж болно. 32Эш үзүүлэгчдийн сүнс эш үзүүлэгчдэд захирагддаг. 33Учир нь Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн.
Ариун хүмүүсийн бүх чуулганы адил 34чуулгануудад эмэгтэйчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин Хууль юу хэлдэг шиг тэд захирагдаж байг. 35Хэрэв тэд ямар нэгэн юманд суралцахыг хүсвэл гэртээ нөхрөөсөө асууг. Учир нь эмэгтэй хүн чуулган дээр ярих нь зохисгүй юм. 36Бурханы үг та нараас гарсан уу? Тэр нь зөвхөн та нарт хүрсэн юм уу?
37Хэрэв хэн нэг нь өөрийгөө эш үзүүлэгч, эсвэл сүнслэг гэж боддог бол тэр хүн миний та нарт бичсэн энэ зүйлс нь Эзэний тушаал гэдгийг мэдэж аваг. 38Хэрэв хэн нэг нь үүнийг мэдэхгүй бол тэр хүн өөрөө мэдэгдэхгүй болно. 39Иймд ах дүүс [минь], эш үзүүлэхийн тулд хүслэн болж тэмүүл. Хэлээр ярихыг бүү хоригло. 40Гэвч бүх юм зохистой, эмх журмынхаа дагуу байг.