4 1Биднийг Христийн зарц нар ба Бурханы нууцын нярвууд гэж тооцог. 2Үүнээс гадна итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг. 3Та нараар, эсвэл хүний шүүхээр шүүлгэх нь миний хувьд тун ялихгүй зүйл билээ. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй. 4Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдөөгүй. Харин намайг шүүгч нэгэн бол Эзэн мөн. 5Иймд та нар тогтоосон цагаас өмнө Эзэнийг иртэл юуг ч битгий шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.
6Ах дүү нар аа, би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполд хэрэгжүүлсэн нь та нар бичигдсэнээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасай гэсэндээ юм. Тэгвэл та нар нэгийнхээ төлөө нөгөөгийнхөө эсрэг их зантай болохгүй. 7Үнэндээ хэн та нарыг шилдэг хэмээн үзнэ вэ? Та нарт байгааг та нар хүлээж аваагүй гэж үү? Хэрэв үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг та нар юунд сайрхана вэ? 8Та нар хэдийн бялхсан бөгөөд баян болжээ. Та нар бидэнгүйгээр хаад болжээ. Та нар үнэхээр хаад болсон байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ. Тэгвэл бид ч та нартай хамт хаанчилна шүү дээ! 9Учир нь Бурхан элч болох биднийг үхэх ял оногдсон хүмүүс мэт бүхний сүүлчийнх болгосон гэж би боддог. Яагаад гэвэл бид ертөнцөд, тэнгэр элч нарт ч, хүмүүст ч үзмэр болжээ. 10Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор хашир аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бидэнд алдар хүнд ч алга. 11Энэ мөчийг хүртэл бид өлсөж, цангаж, ядмаг хувцаслан, ширүүн нударгад өртөж, орон гэргүй байж, 12гараа ажиллуулан нөр их хөдөлмөрлөж байна. Биднийг зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж, 13гүтгэхэд нь тайтгаруулахыг бид хичээдэг. Бид одоо хүртэл дэлхийн хог, бүгдийн шаар шавхруу мэт болсон.
14Би та нарыг ичээхийн тулд бус, харин өөрийнхөө хайрт хүүхдүүдийн адил та нарт сануулахын тулд үүнийг бичлээ. 15Учир нь та нар Христийн дотор тоо томшгүй сургагч нартай байж болох ч эцэг болох хүмүүс олон байхгүй. Учир нь би Христ Есүсийн дотор сайн мэдээгээр дамжуулан та нарын эцэг болсон. 16Тиймээс та нараас гуйя. Намайг дуурайгсад бай. 17Үүний улмаас би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ [Есүс] доторх замуудыг маань тэр та нарт сануулах болно. 18Зарим чинь намайг та нар уруу очихгүй юм шиг их зан гаргадаг. 19Хэрэв Эзэн хүсвэл би та нар уруу удахгүй очиж, их зантай хүмүүсийн үг яриаг бус, харин хүчийг нь мэдэх болно. 20Учир нь Бурханы хаанчлал үг яриан дотор бус, харин хүч дотор байна. 21Би та нар уруу ташууртай, эсвэл хайр ба дөлгөөн байдлын сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?