6 1Та нараас хэн нэг нь хөршийнхөө эсрэг хэрэг заргатай байгаа бол, тэр хүн ариун хүмүүсийн өмнө бус, харин зөвт бус хүмүүсийн өмнө шүүлгэхийг зүрхэлнэ гэж үү? 2Эсвэл ертөнцийг ариун хүмүүс шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Хэрэв та нар ертөнцийг шүүх юм бол багахан хэргийг шүүх чадваргүй юу? 3Бид тэнгэр элч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр тусмаа энэ амьдралын аар саар хэрэг тэрнээс чинь бэрх гэж үү? 4Иймд хэрэв та нарт энэ амьдралын хэрэг явдалтай холбоотой зарга байгаа бол чуулган дотор өчүүхэн ч төдий хүндэтгэл хүлээгээгүй хүмүүсийг шүүгчээ болгоно гэж үү? 5Би та нарыг ичээхийн тулд ярьж байна. Та нарын дотор ах дүүсийнхээ хоорондхыг шийдэх чадвартай мэргэн хүн ганц ч байхгүй гэж үү? 6Ах дүү нь ах дүүгээ итгэгч биш хүмүүсийн өмнө шүүх юм гэж үү? 7Үнэн хэрэгтээ та нар бие биетэйгээ заргалдаж буй нь та нарын хувьд аль хэдийн сүйрэл мөн. Харин ч яагаад буруутгагдаж болдоггүй юм бэ? Харин ч яагаад мэхлэгдэж болдоггүй юм бэ? 8Харин та нар өөрсдөө бурууг үйлддэг бөгөөд мэхэлдэг аж. Тэгэхдээ ах дүүсээ ч ингэдэг ажээ. 9Эсвэл та нар зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, 10хулгайч нар ч, шуналтангууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй. 11Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон бидний Бурханы Сүнс дотор та нар угаагдсан, та нар ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн юм.
12Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүх юмс тустай биш. Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин би юугаар ч эзэмдүүлэхгүй. 13Хоол нь ходоодонд зориулагддаг бол ходоод нь хоолонд зориулагджээ. Харин Бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Бие нь садар самуун явдалд бус, харин Эзэнд зориулагддаг бол Эзэн биенд ажээ. 14Бурхан зөвхөн Эзэнийг амилуулсан төдийгүй биднийг ч бас Өөрийн хүчээрээ амилуулна. 15Та нарын биес Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эрхтнүүд болгох уу? Огт үгүй. 16Янхантай нийлсэн хүн түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь Тэр “Хоёр нь нэг махан бие болно” гэж айлддаг. 17Харин Эзэнтэй нийлсэн хүн нэг сүнс байна. 18Садар самуун явдлаас зугтан явагтун. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч эр өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг. 19Та нарын бие бол Бурханы та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? 20Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун.