12 1Ах дүү нар аа, сүнслэг бэлгүүдийн талаар та нар мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. 2Та нар Эзэнд итгээгүй байхдаа хэлгүй шүтээнүүдэд хөтлөгдөж, төөрөлдсөн байснаа мэдэх билээ. 3Тиймээс хэн ч Бурханы Сүнсээр “Есүс хараагдсан” гэж ярихгүй бөгөөд Ариун Сүнсээр бус бол өөр хэн ч “Есүс бол Эзэн” гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдэгдье.
4Бэлгүүд нь ялгаатай боловч адилхан Сүнс. 5Үйлчлэлүүд нь ялгаатай боловч адилхан Эзэн. 6Үйлдлүүд нь ялгаатай боловч бүгдийн дотор бүх юмсыг үйлдэгч нь адилхан Бурхан юм. 7Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тус бүрд өгсөн аж. 8Учир нь нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд нь мэдлэгийн үгийг адилхан Сүнсээр өгсөн бөгөөд 9өөр нэгэнд нь итгэлийг адилхан Сүнсээр өгсөн аж. Нэгэнд нь эдгээх бэлгийг нэг Сүнсээр өгсөн бол, 10бас өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. 11Энэ бүхнийг нэг, адилхан Сүнс ажиллуулдаг бөгөөд Тэр Өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрд хуваарилдаг аж.
12Учир нь бие нэг атлаа олон эрхтэнтэй байдаг. Биеийн бүх эрхтнүүд нь хэдийгээр олон боловч нэг бие болдог мэт Христ ч мөн тийм болой. 13Учир нь иудейчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгдээрээ нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртсэн бөгөөд нэг Сүнсийг уусан юм. 14Учир нь бие бол ганц эрхтэн бус, харин олон эрхтэнтэй. 15Хэрэв хөл “Би гар биш учраас биетэй холбоогүй” гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ. 16Хэрэв чих “Би нүд биш учраас биетэй холбоогүй” гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ. 17Хэрэв бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байх байсан бэ? Хэрэв бүхэл бие сонсгол байсан бол үнэрлэх мэдрэмж нь хаана байх билээ? 18Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тус бүрийг биед байрлуулжээ. 19Хэрэв бүгдээрээ нэг эрхтэн байсан бол бие нь хаана байх билээ? 20Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна. 21Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт хэлж чадахгүй. Эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм. 22Бүр сул дорой мэт санагдах эрхтэн харин ч шал өөр байх бөгөөд биед бүр ч их хэрэгтэй байдаг аж. 23Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн зарим эрхтнүүддээ бид илүү хүндэтгэл үзүүлдэг бөгөөд аягүй харагддаг эрхтнүүд маань илүү аятайхан байдлыг шаарддаг. 24Харин бидний аятайхан харагдах эрхтнүүд тийм байдлыг шаарддаггүй аж. Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутагдсан эрхтнүүдэд илүү хүндэтгэлийг үзүүлэв. 25Ингэснээр бие дотор хагарал гарахгүй, харин эрхтнүүд нь бие биедээ адилхан халамжтай байх юм. 26Хэрэв нэг эрхтэн нь зовбол түүний хамт бүх эрхтнүүд зовно. Хэрэв нэг эрхтэн нь алдаршвал түүний хамт бүх эрхтнүүд баярлах болно. 27Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа үүний эрхтнүүд нь юм. 28Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшгийг үйлдэх хүч, дараа нь эдгээх бэлгүүд, туслах, удирдах ба олон янзын хэлээр ярих чадварыг тавьжээ. 29Бүгд элч нар гэж үү? Бүгд эш үзүүлэгчид гэж үү? Бүгд багш нар гэж үү? Бүгд гайхамшгийг үйлдэгчид гэж үү? 30Бүгд эдгээх бэлгүүдтэй гэж үү? Бүгд олон янзын хэлээр ярьдаг гэж үү? Бүгд хэлийг тайлбарладаг гэж үү? 31Харин үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн.
Би та нарт илүү давуу замыг харуулъя.