2 1Ах дүү нар аа, та нар уруу очихдоо би та бүгдэд үг яриа, мэргэн ухааны давамгайллаараа Бурханы нууцыг тунхаглаж байгаагүй. 2Учир нь та нарын дунд би Есүс Христ болон цовдлогдсон Түүнээс өөр ямар ч зүйлийг мэдэхгүй байхаар шийдсэн юм. 3Мөхөс байдал, айдас, үлэмжийн чичрэл дотор би та нартай хамт байсан юм. 4Миний үг болоод миний тунхаглал [үгийн] мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнсний ба хүчний илрэлээр байсан нь 5та нарын итгэл хүмүүсийн мэргэн ухаан дотор бус, харин Бурханы хүч дотор байхын тулд юм.
6Бид төлөвшсөн хүмүүсийн дунд мэргэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэргэн ухааныг бус, өнгөрөн одож буй энэ үеийн удирдагчдын мэргэн ухааныг ч бус, 7харин нууц дотор буй Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг. Энэ нь бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурханы урьдаас тогтоосон нуугдмал мэргэн ухаан мөн. 8Үүнийг энэ үеийн удирдагчдаас хэн нь ч мэдсэнгүй. Хэрэв тэд үүнийг мэдсэн байсан бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан. 9Гэвч
“Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй,
Хүний санаанд ороогүй юмсыг
Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” 10Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу. 11Учир нь хүний дотор буй сүнснээс нь өөр хүний бодол санааг хэн мэддэг вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй. 12Бурханы бидэнд үнэгүй өгсөн юмсыг мэдэхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурханаас ирсэн Сүнсийг хүлээн авсан юм. 13Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургаснаар ярьдаг бөгөөд сүнслэг зүйлсийг сүнслэгээр тайлбарладаг. 14Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг. 15Харин сүнслэг хүн бүхнийг олж хардаг байхад, түүнийг хэн ч олж хардаггүй. 16“Учир нь Эзэний оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүнд заавар өгөх вэ?”. Харин бидэнд Христийн оюун ухаан бий.