10 1Та нар дараах зүйлийг мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. Ах дүү нар аа, бидний эцгүүд бүгд үүлэн баганан дор байж, бүгд тэнгисийг гатлан гарч, 2бүгд үүл болон тэнгист Мосе уруу баптисм хүртэж, 3бүгд адилхан сүнслэг хоол идсэн бөгөөд 4бүгд адилхан сүнслэг ундааг уусан байна. Тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас тэд ундаалсан юм. Тэр хад бол Христ байв. 5Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцсэнгүй. Иймээс ч тэднийг цөлд унагасан юм. 6Тэд тачаадан хүссэн шиг бузар юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм. 7Тэдний зарим шиг шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай “Хүмүүс идэж, уухаар суув. Тоглохоор бослоо” гэж бичигдсэн байна. 8Тэдний адил бид садар самууныг үйлдэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь садарлаж, ганцхан өдөр хорин гурван мянган хүн үхсэн юм. 9Тэдний адил бид Христийг сорихгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн юм. 10Тэдний адил бид дургүйцэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь дургүйцээд, устгагчаар хөнөөгдсөн юм. 11Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ. 12Тиймээс өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг. 13Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм.
14Тиймд миний хайрт хүмүүс ээ, шүтээн шүтэх явдлаас зугт. 15Мэргэн хүмүүст хэлдгийн адил би хэлье. Юу хэлж байгааг минь та нар шүүцгээ. 16Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү? 17Талх нэг тул бид олуулаа ч нэг бие байна. Учир нь бид бүгдээрээ нэг талхнаас хуваалцдаг. 18Махан биеийнх нь дагуу Израилийг хар. Тахилаас идэгчид нь тахилын ширээний хамсаатан биш үү? 19Тиймээс би юу гэж хэлээд байна вэ? Шүтээнүүдэд тахигдсан юмс нь чухал юм уу, шүтээн нь чухал юм уу? 20Үгүй, харин тахидаг юмсыг тэд Бурханд бус, харин чөтгөрүүдэд [тахидаг] аж. Та нарыг чөтгөрүүдийн хамсаатан болоосой гэж би хүсдэггүй. 21Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээг болон чөтгөрүүдийн ширээг зэрэг хуваалцаж чадахгүй. 22Эсвэл бид Эзэний хардалтыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?
23Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй. 24Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг. 25Махны зах дээр зарагддаг аливаа юмыг мөс чанарын төлөө асуулт тавилгүйгээр ид. 26“Учир нь дэлхий болон түүнийг дүүргэдэг юмс Эзэнийх юм”. 27Хэрэв итгэдэггүй хүмүүсийн нэг нь та нарыг урьж, та нар очихыг хүсвэл, мөс чанарын төлөө асуулт тавилгүйгээр өөрсдийн чинь өмнө тавьсан бүхнийг ид. 28Хэрэв хэн нэгэн хүн та нарт “Энэ бол шүтээнд тахисан мах” гэвэл, та нарт хэлж өгсөн хүний болон мөс чанарын төлөө түүнийг бүү ид. 29Би та нарын мөс чанарын тухай бус, харин бусдынхыг ярьж байна. Учир нь яагаад миний эрх чөлөө бусдын мөс чанараар шүүгддэг билээ? 30Хэрэв би талархалтайгаар идвэл яагаад талархал өргөсөн зүйлийнхээ талаар гүтгэгддэг билээ? 31Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий. 32Иудейчүүдэд ч, грекчүүдэд ч, Бурханы чуулганд ч хэрэг төвөг бүү учруул. 33Яг надтай адил байгтун. Хүмүүсийг аврагдаасай гэсэндээ би өөрийн ашгийг бус, харин олны ашгийг хайн, бүхний дотор бүх хүний таалалд нийцүүлдэг.