6 1Эмэгтэйчүүдийн дотроос хамгийн үзэсгэлэнт бүсгүй минь,
хайрт чинь хаашаа одоо вэ?
Хайрт чинь хаашаа явчихав?
Хамтдаа түүнийг хайцгаая.
2-Миний хайрт цэцэрлэг уруугаа,
Анхилуун үнэрт цэцгийн мандал уруу,
цэцэрлэгт сүргээ бэлчээж,
сараана цэцэгс түүхээр явсан билээ.
3Би өөрийнхөө хайртынх бөгөөд хайрт минь ч минийх болой.
Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг билээ.
4-Хонгор минь, чи Тирза шиг үзэсгэлэнтэй,
Иерусалим шиг дур булаам,
тугт цэргүүд шиг айдас төрүүлэм аж.
5Нүд чинь намайг сандаргасан тул харцаа надаас холдуулаач.
Үс чинь Гилеадаас уруудах ямаан сүрэг мэт болой.
6Шүд чинь саяхан хяргуулан, угаагдаад гарсан,
бүгд ихрийг тээн ганц нь ч хургаа тээгээгүй хонин сүрэг мэт аж.
7Гивлүүрийн чинь цаадах чиний шанаа зүсэм анар мэт билээ.
8Жаран хатан болон наян татвар эм,
мөн тоо томшгүй шивэгчид байдаг хэдий ч
9Миний тагтаахан, миний төгс нэгэн бол хосгүй болой.
Тэр бол эхийнхээ ганц охин нь билээ.
Тэр бол өөрийг нь төрүүлсэн нэгний цэвэр ариун хүүхэд болой.
Охид түүнийг хараад, түүнийг ерөөгдсөн хэмээн дуудна.
Хатад болоод татвар эмс ч мөн түүнийг магтан

10“Үүрийн туяа мэт өссөн, тэргэл саран мэт үзэсгэлэнтэй,
наран мэт цэвэр, тугт цэргүүд мэт айдас төрүүлэм энэ хэн бэ?” гэнэ.
11Хөндий ногоорохыг харахаар,
усан үзмийн мод цэцэглэж,
анарын мод нахиалсан эсэхийг үзэхээр самрын модны цэцэрлэг уруу би уруудан явлаа.
12Би мэдээгүй байтал сэтгэлдээ хөтлөгдөн тансаг тэргэнд хүрчээ.
13-Буцаад ир, буцаад ир, Шуламмит аа!
Буцаад ир, буцаад ир, бид чамайг ширтье!
-Маханаимын бүжгийг үзэх мэт юунд та нар Шуламмитыг ширтэнэ вэ?