4 1-Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ,
Юутай үзэсгэлэнтэй вэ, чи!
Гивлүүрийн чинь цаадах чиний нүд тагтаа мэт,
үс чинь Гилеад уулаас уруудах ямаан сүрэг мэт ажгуу.
2Шүд чинь саяхан хяргуулан, угаагдаад гарсан
хонин сүрэг мэт аж.
Тэд бүгд ихрийг тээдэг бөгөөд тэдний дунд ганц нь ч хургаа тээгээгүй билээ.
3Уруул чинь час улаан тууз мэт агаад ам чинь дур булаам билээ.
Гивлүүрийн чинь цаадах чиний шанаа зүсэм анар мэт ажээ.
4Хүзүү чинь чулуун эгнээгээр босгосон,
дээр нь хүчирхэг эрсийн мянган бамбай өлгөөтэй Давидын цамхаг мэт болой.
5Хоёр хөх чинь сараана цэцгийн дунд идээшлэх зээрийн ихэр янзага мэт аж.
6Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэл
миррийн уул уруу, гүглийн толгод тийш би өөрийн замаа хөөн одъё.

7Хонгор минь, чи бүхэлдээ үзэсгэлэнтэй бөгөөд
чамд ямар ч өө сэв алга.
8Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач.
Надтай хамт чи Ливанаас явж,
Аманагийн оргилоос,
Сенир, Хермоны оргилоос,
Арслангийн үүрнээс,
ирвэсүүдийн уулсаас уруудан аялах болтугай.
9Дүү минь, сүйт бүсгүй минь,
чи зүрхний минь цохилтыг түргэсгэв.
Нүднийхээ ганцхан харцаар,
хүзүүний зүүлтийхээ ганцхан эрхээр
чи зүрхний минь цохилтыг түргэсгэв.
10Дүү минь, сүйт бүсгүй минь,
чиний хайр юутай сайхан бэ!
Чиний хайр дарснаас,
тосны чинь анхилуун үнэр бүх үнэртнүүдээс юутай илүү вэ!
11Сүйт бүсгүй минь, чиний уруул балыг дуслуулна.
Хэлний чинь дор бал, сүү байх аж.
Хувцасны чинь анхилуун үнэр Ливаны анхилуун үнэр мэт бөлгөө.
12Миний дүү, миний сүйт бүсгүй бол цоожлогдсон цэцэрлэг,
цоожлогдсон чулуун цэцэрлэг, лацдуулсан булаг болой.
13Чиний нахиа нь анарын цэцэрлэг агаад энэ нь шилмэл жимстэй,
нардтай суулгасан хенна,
14нард ба саффрон, годил ба шанц, үнэртэй бүх мод,
Гүгэл болон алоены хамт
Хамгийн сайхан бүх үнэртэнтэй болой.
15Чи бол цэцэрлэгийн булаг, цэнгэг усны худаг,
Ливанаас урсан гарах горхи болой.
16-Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч.
Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан,
үнэрийг нь тараагаач.
Хайрт минь цэцэрлэгтээ ирж,
шилмэл жимсийг нь идэг.