5 1-Дүү минь, сүйт бүсгүй минь, би цэцэрлэгтээ ирлээ.
Өөрийн миррийг би анхилам үнэртнийхээ хамт цуглууллаа.
Зөгийн сархинагаа би балтай нь хамт идлээ.
Дарс сүүгээ ч би уулаа.
Идэцгээ, андууд аа.
Ууж, хөөрцгөө, амраг хайртууд аа.
2-Би унтаж байсан боловч зүрх минь сэрүүн байв.
Дуу чимээ!
Хайрт минь тогшин
“Дүү минь, хонгор минь,
надад онгойлгооч, тагтаахан минь, төгс нэгэн минь!
Учир нь толгой минь шүүдэрт,
туг үс минь шөнийн чийгт норжээ” гэв.
3Би дан дээлээ тайлчихсан болохоор яаж түүнийгээ дахин өмсөх билээ?
Би хөлөө угаачихсан болохоор хэрхэн дахин хиртүүлэх билээ?
4Хайрт минь түгжээ уруу гараа сунгасанд миний сэтгэл түүн уруу тэмүүллээ.
5Хайртдаа би онгойлгохоор бослоо.
Түгжээний бариул дээр гар дээрээс минь мирр,
хуруун дээрээс минь миррийн шингэн дусалж байв.
6Би хайртдаа онгойлголоо.
Гэвч хайрт минь цааш эргэн, явчихсан байв!
Түүнийг ярихад зүрх сэтгэл минь түүн уруу хүсэмжлэн тэмүүлэв.
Би түүнийг хайлаа. Гэвч олсонгүй.
Би түүнийг дуудлаа. Гэвч тэр надад хариулсангүй.
7Хотыг тойрох харуул намайг олов.
Тэд намайг цохиж, шархдууллаа.
Хэрмийн манаач нар толгойн алчуурыг минь надаас авч хаяв.
8Иерусалимын охид оо,
хэрэв та нар миний хайртыг олох аваас
түүнд та нарын хэлэх юмны талаар би та нарт тушаая.
Учир нь би дурлалдаа шаналжээ.
9-Эмэгтэйчүүдийн дотроос хамгийн үзэсгэлэнт бүсгүй,
чиний хайрт чинь ямар юм бэ?
Биднээс чиний ингэж гуйх чиний хайрт ямаршуухан хүн юм бэ?
10-Хайрт минь гялалзсан агаад
улаа бутарсан, арван мянгын дотроос тугаа мандуулагч нэгэн болой.
11Түүний толгой бол алт,
цэвэр алт мэт ажээ.
Түүний туг үс буржгар агаад хэрээ мэт хархан аж.
12Түүний нүд сүүнд угаагдсан
усны урсгалын дэргэд өөрсдийнхөө орчинд сууж буй тагтаа мэт бөлгөө.
13Түүний хацар, амттаны цэцэрлэг мэт,
анхилуун үнэртэй өвсний хөвөө мэт болой.
Түүний уруул нь миррэн шингэнээр дусаах сараана болой.
14Түүний гар нь молор эрдэнэ суулгасан алтан саваа агаад
Түүний бие нь биндэрьяагаар доторлосон зааны ясан сийлбэр болой.
15Түүний хөл нь шижир алтан сууринд суулгасан гантиган багананууд мэт агаад
Түүний төрх нь Ливантай адил, хуш мэт шилдэг ажгуу.
16Түүний ам амттанаар дүүрэн бөгөөд
тэрээр бүхлээрээ хүсэмжлүүштэй болой.
Иерусалимын охид оо,
энэ бол миний хайрт, энэ бол миний анд.