5 1Сэнтийд Залрагчийн баруун мутарт дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном байхыг би үзэв. 2Мөн
-Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдвэл зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэр элчийг би харав. 3Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй. 4Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хүн нэг ч олдоогүй тул би ихэд уйлав. 5Ахлагчдын нэг нь надад
-Уйлахаа боль. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.
6Тэгээд би сэнтий болоод дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээсэн Бурханы долоон Сүнс юм. 7Тэр Хурга ирээд, сэнтийд Залрагчийн баруун мутраас авав. 8Түүнийг хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тус бүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм. 9Тэд шинэ дуу дуулж
-Хуйлмал номыг авч,
лацнуудыг нь эвдэх зохистой нь Та мөн.
Учир нь Та нядлуулсан бөгөөд
бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс
хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ.
10Та тэднийг бидний Бурханы төлөөх хаанчлал ба тахилч нар болгосон.
Тэд дэлхий дээр хаанчлах болно 11Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд олон тэнгэр элчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ. 12Тэд чанга дуугаар
-Нядлуулсан Хурга
хүч, баялаг, мэргэн ухаан,
сүр хүч, хүндэтгэл,
алдар ба магтаалыг авбал зохистой 13Тэнгэрт, газар дээр, газар доор, тэнгис дээр байгаа аливаа бүтээгдсэн юмс болон тэдгээрийн дотор байх бүх юмс
-Сэнтийд Залрагчид ба Хурганд
магтаал, хүндэтгэл,
алдар, сүр хүч нь
үеийн үед байх болтугай 14Дөрвөн амьтан нь
-Амен гэсээр байлаа. Ахлагчид унаад мөргөв.