19 1Үүний дараа хурсан олон түмний дуу мэт чимээ тэнгэрт гарахыг би сонсов. Тэд
-Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд байдаг. 2Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан үлэмжийн том янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ. 3Хоёр дахь удаагаа тэд
-Халлелуяа! Түүний утаа нь үеийн үед суунаглана гэв. 4Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьтан унаж, сэнтийд залрагч Бурханд мөргөж
-Амен. Халлелуяа! гэв.
5Сэнтийнээс дуу гарч
-Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага хүмүүс та нар бидний Бурханд магтаалыг өргө гэв. 6Хурсан олон түмний дуу хоолой шиг, их усны шуугиан шиг, хүчит аянгын нүргээн шиг дуу гарахыг би сонсов.
-Халлелуяа! Төгс хүчит Эзэн [бидний] Бурхан хаанчилдаг. 7Баярлан хөөрч, баясан цэнгэж, Түүнд алдрыг нь өргөцгөөе. Учир нь Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв. 8Тэрээр гялалзсан, цэвэрхэн нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь тэрхүү нарийн маалинга бол ариун хүмүүсийн зөвт үйлс юм.
9Тэр надад
-“Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гээд
-Эдгээр нь Бурханы үнэн үгс мөн гэлээ. 10Намайг тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад
-Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн гэв.
11Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь “Итгэмжит бөгөөд Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг. 12Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нэр дээр нь бичээстэй байлаа. 13Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг “Бурханы Үг” гэдэг ажээ. 14Цагаан өнгөтэй цэвэрхэн, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэр дэх дайчид цагаан зүсмийн морьд унан Түүнийг дагаж байв. 15Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна. 16Тэр дээл болон гуян дээрээ “Хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.
17Наран дээр нэгэн тэнгэр элчийн зогсож байхыг би харав. Тэр чанга дуугаар хашхиран тэнгэрийн дундуур нисэж буй бүх шувуудад
-Ирцгээ. Бурханы их зоогон дээр чуулагтун. 18Ингэснээр та нар хаадын мах, мянгатын дарга нарын мах, хүчит эрсийн мах, морьд болоод морьтонгуудын махыг, эрх чөлөөт хүмүүс ба боолчуудын, их бага бүх хүний махыг идэх юм хэмээн хэлэв. 19Морь унасан Түүний эсрэг болон дайчдынх нь эсрэг дайтахаар цугласан араатан болоод газрын хаад, тэдний дайчдыг би харав. 20Өнөөх араатан болоод түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдсэнээрээ араатны тэмдгийг хүлээн авсан хүмүүс болон араатны хөрөгт мөргөсөн хүмүүсийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь шатаж буй хүхэртэй галт нуурт хаяв. 21Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.