4 1Үүний дараа би тэнгэрт нээлттэй хаалгыг харав. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу
-Наашаа гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ. 2Тэр даруй би Сүнс дотор байв. Харагтун, Тэнгэрт сэнтий байсан бөгөөд сэнтийд залрагч Нэгэн байв. 3Залрагч нь хаш чулуу ба молор эрдэнэ мэт дүртэй ажээ. Сэнтийг нь маргад эрдэнэ мэт үзэгдэх солонго хүрээлжээ. 4Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагчид мөнөөх сэнтийнүүдэд сууж байв. 5Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэрийн дуун гарав. Бурханы долоон Сүнс болох долоон дэнлүү сэнтийн өмнө асаж байв. 6Сэнтийн өмнө болор адил шилэн тэнгис байлаа.
Сэнтийн дунд болон эргэн тойронд нь ар өвөртөө дүүрэн нүдтэй дөрвөн амьтан байх ажээ. 7Эхний амьтан нь арслан адил, хоёр дахь амьтан нь тугал адил, гурав дахь амьтан нь хүнийх шиг нүүртэй, дөрөв дэх амьтан нь нисэж буй бүргэдтэй адил байв. 8Тус бүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр
-Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан
ариун, ариун, ариун хэмээн хэлэх аж.
9Амьтад нь сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөхөд 10хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд
11-Бидний Эзэн ба Бурхан минь,
Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой.
Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ.
Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд
бүтээгдсэн юм
гэх ажээ.