17 1Долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирж надтай ярилцан
-Нааш ир. Их усны дээр суух агуу янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя. 2Дэлхийн хаад тэр эмтэй завхайрлыг үйлдэн, дэлхий дээр нутаглагсад түүний завхайрлын дарснаас ууж согтуурцгаав гэв. 3Тэнгэр элч намайг Сүнс дотор цөлд авчрав. Би долоон толгойтой, арван эвэртэй, доромжлолын нэрсээр дүүрэн час улаан араатан дээр суух нэгэн эмэгтэйг харлаа. 4Тэр эмэгтэй нил ягаан болон час улаан өнгийн хувцастай бөгөөд алт, үнэт чулууд, сувдаар гоёсон байв. Тэр жигшүүрт юмс болон өөрийн завхайрлын бузар юмсаар дүүрэн алтан хундагыг гартаа барьжээ. 5Түүний духан дээр “Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх агуу их Вавилон” гэсэн нууц нэр бичигдсэн байв. 6Тэр эм ариун хүмүүсийн цуснаас болон Есүсийг гэрчлэгчдийн цуснаас уугаад согтохыг би харав.
Би түүнийг хараад, ихэд гайхлаа. 7Өнөөх тэнгэр элч надад
-Чи юунд гайхна вэ? Энэ эмэгтэйн болон түүнийг авч яваа долоон толгойтой, арван эвэртэй араатны нууцыг би чамд хэлье. 8Чиний харсан араатан нь байсан боловч одоо байхгүй. Тэр ёроолгүй гүнээс гарч ирэн, сүйрэл уруу явах гэж байна. Ертөнцийн сууриас хойш амийн номд нэрс нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Тэр байсан боловч одоо байхгүй, дараа ирнэ. 9Энд мэргэн ухаан бүхий оюун санаа байна. Долоон толгой бол тэр эмэгтэйн сууж байгаа долоон уул бөгөөд долоон хаан юм. 10Тав нь унасан бөгөөд нэг нь байгаа. Нөгөө нь хараахан ирээгүй аж. Тэр ирэхдээ хоромхон зуур саатах ёстой. 11Байсан, одоо байхгүй өнөөх араатан бол найм дахь нь юм. Тэр бол өнөөх долоогийн нэг нь бөгөөд сүйрэл уруу явна. 12Чиний харсан арван эвэр бол хаанчлалыг хараахан хүлээн аваагүй байгаа арван хаан юм. Гэвч тэд араатантай хамт нэг цагийн турш хаад мэт эрх мэдлийг хүлээж авна. 13Тэд нэг зорилготой бөгөөд өөрсдийн хүч, эрх мэдлийг араатанд өгнө. 14Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.
15Тэр надад
-Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм. 16Чиний харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, махан биеийг нь идээд, түүнийг галаар шатаах болно. 17Учир нь Бурханы үгс биелэгдэх хүртэл нийтлэг зорилготой байснаар болон араатанд тэдний хаанчлалыг өгснөөр Бурхан Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд тэдний зүрхэнд үүнийг хийсэн юм. 18Чиний харсан тэр эм бол дэлхийн хаадыг хаанчлах агуу хот мөн гэв.