12 1Тэнгэрт нэгэн үлэмжийн тэмдэг үзэгдэв. Нарыг өмссөн, хөл дороо сар, тэргүүн дээрээ арван хоёр одны титэмтэй нэгэн эмэгтэй 2хэвлийдээ үртэй байсан бөгөөд төрөхөөр өвдөж, шаналсандаа хашхирлаа. 3Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй агуу том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж. 4Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихын тулд төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо. 5Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлэв. Хүүг Бурханд, Түүний сэнтий өөд аваачлаа. 6Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жаран хоногийн турш тэжээх юм.
7Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэр элч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэр элч нар тулалдаад, 8тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. 9Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав. 10Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов.
-Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг тэднийг буруутгагч доош хаягдсан учраас эдүгээ бидний Бурханы аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл хүрч ирлээ. 11Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм. 12Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлан хөөрөгтүн. Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа.
13Луу дэлхий уруу хаягдсанаа хараад, хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг мөшгөлөө. 14Эмэгтэйг цөлд өөрийнх нь газарт нисэж очуулахын тулд түүнд асар том бүргэдийн хоёр далавч өгөв. Эмэгтэй тэнд могойноос алс байж нэг үе ба хоёр үе, хагас үед тэжээгдсэн юм. 15Эмэгтэйг голын усаар урсгахын тулд түүний араас могой амнаасаа гол мэт усыг гаргаж урсгав. 16Газар эмэгтэйд туслан, амаа нээж лууны амнаасаа урсгасан голыг залгилаа. 17Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав. 18Тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.